Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ҮСХ: Улсын төсвийн нийт орлого он гарсаар 7.1%-иар өсөв

Б.Төгс

 

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хоёр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг (2026.03.16) танилцууллаа.

Он гарсаар гадаад худалдаа зэсийн баяжмал, нүүрсний экспортын өсөлтийн нөлөөгөөр эерэг үзүүлэлтттэй гарч байгааг Үндэсний статистикийн хорооноос онцоллоо.

Нийт бараа эргэлт, экспорт, импорт, сая ам.доллароор

Харин мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 48.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.1 (17.2%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.4 (19.9%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Төгрөгийн хадгаламжийн 82.8% буюу 22 их наяд төгрөг нь иргэдийнх, үлдсэн нь байгууллагын хадгаламж байна. Валютын хадгаламж оны эхний хоёр сард 5.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 561.9 тэрбум төгрөг буюу 11.8%-иар өссөн. Гэхдээ хоёрдугаар сарын эцсийн байдлаар валютын хадгаламж өмнөх сарынхаасаа 291.9 тэрбум төгрөг буюу 5.2%-иар буурчээ.

Төлбөрийн тэнцлийн хувьд энэ оны эхний сарын гүйцэтгэлийг ҮСХ танилцууллаа.

Төлбөрийн тэнцлийн урсгал дансны тухайд оны эхний сард 444.8 сая ам.долларын ашигтай, харин санхүүгийн данс 539.1 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Ингэснээр оны эхний сарын байдлаар төлбөрийн тэнцэл 489.2 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.

Урсгал дансны хувьд өмнөх оны мөн үеэс 930.6 сая ам.доллароор өсөхөд барааны худалдааны ашиг 1 тэрбум ам.доллароор өссөн бол үйлчилгээний худалдааны алдагдал 67.9 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.

Мөн төлбөрийн тэнцлийн үйлчилгээний худалдааны орлого 122.1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 34.9 сая ам.доллароор буюу 40%-иар өссөн байна.

Төлбөрийн тэнцлийн санхүүгийн дансны тэнцэл 539.1 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Тодруулбал санхүүгийн дансны алдагдал өмнөх оны мөн үеэс 652.4 сая ам.доллароор өссөн байна. Үүнд багцын хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Төлбөрийн тэнцлийн санхүүгийн данс, сая ам.доллароор

Улсын нэгдсэн төсвийн үзүүлэлтийн тухайд төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ оны эхний хоёр сард 4.4 их наяд төгрөгөөр илэрхийлэгдлээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 294.3 тэрбум төгрөг буюу 7.1%-иар өссөн байна. Харин төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 4 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 56 тэрбум төгрөг буюу 1.4%-иар буурчээ. Мөн хугацаанд төсвийн нийт зарлагын хэмжээ 4.7 их наяд төгрөгт хүрч 98 тэрбум төгрөгөөр буюу 2.1%-иар өссөн байна. Ингэснээр төсвийн тэнцэл оны эхний хоёр сарын байдлаар 720 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байна.

Улсын нэгдсэн төсвийн дийлэнх орлогыг бүрдүүлдэг татварын орлогын хувьд энэ оны эхний хоёр сарын байдлаар 3.7 их наяд төгрөгтэй тэнцсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 67.8 тэрбум төгрөг буюу 1.8%-иар буурсныг ҮСХ тайлагналаа. Ийнхүү татварын орлого буурахад АМНАТ 112.3 тэрбум төгрөг буюу 39.3%, орлогын албан татварын орлого 109.9 тэрбум төгрөг буюу 8.1%, онцгой албан татвар 78.7 тэрбум төгрөг буюу 3.9%-иар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Төсвийн нийт зарлага, цэвэр зээлийн нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 98.2 тэрбум төгрөгөөр өсөхөд бараа үйлчилгээний зардал 84.7 тэрбум төгрөг буюу 5.8%, урсгал шилжүүлэг 24.5 тэрбум төгрөг буюу 1.2%, зээлийн хүүгийн зардал 10.7 тэрбум төгрөг буюу 3%, хөрөнгийн зардал 67 тэрбум төгрөг буюу 13.2%-иар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, тэнцэл, тэрбум төгрөгөөр

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл энэ оны эхний хоёр сарын байдлаар 10.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 3.6 их наяд төгрөг буюу 54%-иар өсчээ. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 3.4 их наяд төгрөг буюу 66.8%, цахилгаан, хий, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 235.5 тэрбум төгрөг буюу 43.3%-иар тус тус өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ.