
“Тэлмэн Ресурс” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Гурвантэс-XXXV” нүүрсний давхаргын метан хийн төслийн туршилт-олборлолтын хийн гарц нэмэгдлээ. Ийнхүү Нарийнсухайтын талбайн цооногоос анх удаагаа өдөрт ойролцоогоор 1,000 шоо метр хий олборлож (>35,000 scfd) байгаа нь өмнөх үзүүлэлтүүдээс давж, дээд амжилт тогтоогоод байна.
Тодруулбал, LF-07 цооног нь төслийн нийт хийн олборлолтын 70 гаруй хувийг бүрдүүлж буйгаараа онцлог. “Гурвантэс-XXXV” төслийн хийн гарц 2026 оны 2 дугаар сарын эхэн үед өдөрт ойролцоогоор 500 шоо метр байсан бол үүнээс хоёр дахин нэмэгдэж, нүүрсний давхаргаас хий ялгарах хэмжээ эрчимжиж буйг илтгэнэ.
“Тэлмэн ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Наран-Учрал өгсөн ярилцлагадаа, “Нүүрсэнд агуулагдаж буй метан хий бол утаагүй шийдэл. Дулааныг газ буюу байгалийн хийгээр шийдвэл утаа бараг гардаггүй. Нүүрстэй харьцуулбал метан хий нь илүү цэвэр шаталттай, байгаль орчинд үзүүлэх нөлөө багатай түлшинд тооцогддог. Тиймээс Монгол Улс эрчим хүчний олон төрөлт эх үүсвэртэй болоход байгалийн хий нь чухал ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм.
Төслийн олборлолт ахицтай байгаагаас үзвэл нүүрсний давхаргын метан хийгээс анхан шатны эрчим хүч үйлдвэрлэж, дотооддоо эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангах боломж, нөхцөл ойрхон байна.
Эх сурвалж: “Тэлмэн Ресурс” ХХК