Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Гашуунсухайт–Ганцмодны хил дамнасан төмөр замын ажлын явц удаашралтай байгааг анхааруулав

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Гашуунсухайт-Ганцмод боомтод “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерингийн товчоо групп” ХХК-ийн Намын хорооны дарга, ТУЗ-ийн дарга Жоу Гауньнань тэргүүтэй төлөөлөгчидтэй (2026.03.13) уулзлаа.

Уулзалтын үеэр хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж буй асуудлууд болон цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Тус төслийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 310 дугаар тогтоол, шийдвэрийн хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК болон Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерингийн товчоо групп” ХХК-ийн хооронд хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээг 2025 онд байгуулсан.

Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр эхлүүлсэн.

Энэхүү уулзалтаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уг төслийн санхүүжилтийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт санхүүжилтийн 30 хувийг 2025 оны есдүгээр сарын 1-ний өдөр гүйцэтгэгч талд шилжүүлсэн. Гэсэн ч өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажлын гүйцэтгэл 10 орчим хувьтай үргэлжилж байгааг онцлон хэлж, ажлаа эрчимжүүлэх шаардлагатайг хэллээ.

Мөн Засгийн газрын шийдвэрүүдийн хүрээнд төслийн хэрэгжилтийг дэмжих хэд хэдэн асуудлыг шийдвэрлээд байгааг хэллээ. Тухайлбал, ажиллах хүчний 1280 хүний квотыг 2026 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 68 дугаар тогтоолоор баталж, түгээмэл тархацтай ашигт малтмалын элсний карьерийн асуудлыг 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн байна.

Мөн түр цахилгаан хангамжийн асуудлыг холбогдох байгууллагуудын зөвшөөрлөөр шийдвэрлэсэн бөгөөд бүтээн байгуулалтын хаалттай бүсийн түр журмыг Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 69 дүгээр тогтоолоор баталжээ.

Уулзалтын үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төслийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, нарийвчилсан төлөвлөгөөг яаралтай боловсруулан батлуулж мөрдөхийг үүрэг болголоо. Түүнчлэн бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн явц удаашралтай байгааг анхааруулж, ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.

Мөн ажиллах хүчний квотоор батлагдсан 1280 хүний материал бүрдүүлэлтээс одоогоор 503 хүний бичиг баримтыг бүрдүүлээд байгааг дурдаж, үлдсэн 777 хүний материалыг бүрдүүлэх ажлыг яаралтай зохион байгуулж, бэлтгэл хангах талаар тодорхой арга хэмжээ авахыг сануулав.

Мөн Монгол Улсын дотоодын аж ахуйн нэгж, компани болон монгол иргэдийг ажлын байраар хангах талаар чиглэл өглөө. Одоогоор тус төслийн бүтээн байгуулалтын ажилд 150 гаруй монгол иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Харин нэмэлт санхүүжилтийн асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдын 50 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсэгт танилцуулсан бөгөөд тус ажлын хэсгийн шийдвэрийн дагуу дараагийн шатны арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар талууд мэдээлэл солилцлоо.

Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан мөн Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Төслийн хүрээнд төмөр замын доод бүтцийн газар шорооны хөрс хуулах, жаазан гүүрийн их биеийн бетон цутгалтын ажил, дөрвөлжин болон дугуй хоолойн их биеийн бетон цутгалтын ажлыг нийт 13 байршилд хийсэн байна.

Мөн нийт 9.5 км гүүр баригдахаас 1330 ширхэг шон суурь өрөмдөх, тулгуурын хөндлөн нуруу байгуулах, завсрын тулгуур барих ажлыг гүйцэтгээд байна.

Эрчим хүчний ажлын хүрээнд 35/10 кв-ын гурван хэлхээт түр цахилгаан хангамжийг 4 км уртад угсарч, барилга байгууламжийн ажлын хүрээнд суурин ухмалын ажил болон авто замын түвшин хэмжих ажлыг хийж гүйцэтгээд байгааг холбогдох албаныхан хэллээ.

Тус бүтээн байгуулалт нь нарийн царигийн 10.8 км, өргөн царигийн 8.7 км төмөр замтай, нийт 32.6 км дэлгэмэл урттай байх бөгөөд нарийн царигаар жилд 20 сая тонн, өргөн царигаар 30 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтайгаар 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын төмөр замын экспортын хүчин чадал 30 сая тонноор нэмэгдэж, тээврийн өртөг буурах ач холбогдолтой.

Мөн Монгол Улс Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн хоёр дахь гарцтай болж, экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэг хүнд ногдох дүнгээр 10 мянган ам.долларт хүрэх боломж бүрдэх эдийн засгийн тооцоолол бий.

Түүнчлэн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дуусч, тээвэрлэлт эхэлснээр 200 байнгын, 800 түр ажлын байр шинээр бий болж, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит хөшүүрэг болох юм.

Цаашид Монгол, Хятадын Шивээхүрэн боомт–Сэхээ, Бичигт боомт-Зүүнхатавч, Ханги боомт-Мандал зэрэг хилийн боомтуудыг төмөр замаар шат дараатай холбох нөхцөл боломж бүрдэх юм.

 

 

 

Эх сурвалж: Зам, тээврийн яам