
Ч.Сансар
Дэлхийн томоохон уран олборлогч "Казатомпром" компани нийт бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг Энэтхэг улсад борлуулахаар төлөвлөж байна. Энэхүү шийдвэр нь дэлхийн зах зээл дээр ураны эрэлтийг улам нэмэгдүүлэх төлөвтэй аж.
Төрийн өмчит "Казатомпром" компани өнгөрсөн баасан гарагт Энэтхэгийн Атомын эрчим хүчний газартай уран нийлүүлэх томоохон гэрээ байгуулснаа зарлалаа. Уг гэрээний хүрээнд талууд "Казатомпром"-ын нийт хөрөнгийн үнэлгээний 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний бүтээгдэхүүнийг Энэтхэг рүү экспортлохоор тохиролцжээ.
Казахстаны хуулийн дагуу ийм хэмжээний томоохон гэрээ байгуулахад хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл шаардлагатай байдаг аж. Тиймээс тус компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлаж, санал хураалт явуулахаар болжээ. Хурлын товыг тун удахгүй зарлах юм байна.
Хэрэв уг гэрээ батлагдвал дэлхийн зах зээл дээр ураны хомсдол үүсэх магадлалтай болж байна. "Казатомпром" компани нь одоогоор дэлхийд ураны хамгийн том нөөцийг эзэмшдэг бөгөөд дэлхийн нийт олборлолтын 20 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг аж.
Өнгөрсөн жил "Казатомпром" 67.2 сая фунт ураны баяжмал үйлдвэрлэсэн нь 2024 оныхоос 10%-иар өссөн үзүүлэлт болжээ. Харин энэ онд олборлолтоо дахин 9%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Олборлолт ийнхүү өсөх төлөвтэй байгаа хэдий ч дэлхийн ураны зах зээлд хомсдол арилахгүй гэж шинжээчид үзэж байна. Абу Дабид төвтэй "Teniz Capital" хөрөнгө оруулалтын банкны шинжээчдийн үзэж буйгаар, уг салбарт "цөмийн эрчим хүчний хоёр дахь сэргэн мандал"-ын үе эхэлж байгаа бөгөөд ирэх жилүүдэд эрэлт нь нийлүүлэлтээсээ давах төлөвтэй аж.
Эх сурвалж: mining.com