Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Kashiwazaki-Kariwa цөмийн цахилгаан станц 14 жилийн дараа дахин ажиллаж эхэллээ

Ч. Сансар

Японы "TEPCO" компани 2011 оны Фукушимагийн ослоос хойш 14 жил ажиллаагүй Kashiwazaki-Kariwa цөмийн станцын 6-р блокийг дахин ажиллуулж эхэллээ. 1360 МВт хүчин чадалтай уг реактор нь цөмийн ослын дараа ашиглалтад орсон анхны блок юм.

2011 онд Тохоку мужид 9.1 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас хүчтэй цунами үүсэж, улмаар цахилгаан эрчим хүчний шугамууд эвдэрч, уг цөмийн станцын ихэнх нөөц тэжээлийн системийг гэмтээсэн аж. Энэ нь 1900 оноос хойш бүртгэгдсэн гурав дахь том газар хөдлөлт байлаа. 7,965 МВт-ын хүчин чадалтай Kashiwazaki-Kariwa станц нь дэлхийн хамгийн том цөмийн станц юм.

"TEPCO" компани осол гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд Kashiwazaki-Kariwa станцын аюулгүй байдлыг бэхжүүлэх олон арга хэмжээ авсан. Ингэхдээ тэд гол анхаарлаа цунами, газар хөдлөлт болон террорист халдлагын эрсдэлд төвлөрүүлсэн. 

Япон засгийн газар барууны орнуудтай адил цөмийн эрчим хүчний талаархи барих бодлогоо өөрчилж эхэлсэн бөгөөд эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэх, үнэтэй түлшний импортыг бууруулах, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангах, улмаар 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэхийг эрмэлзэж байна. Япон улс цахилгаан эрчим хүчнийхээ 60-70%-ийг импортолдог. Жишээ нь 2024 онд шингэрүүлсэн байгалийн хий (LNG) болон нүүрсний импортод бараг 70 тэрбум ам.доллар зарцуулсан билээ. Харин цөмийн эрчим хүчийг дотооддоо хямд үнээр үйлдвэрлэх боломжтой юм.

Японы хүн ам цөөрч, өрхийн цахилгааны хэрэглээ буурч байгаа хэдий ч нийт эрчим хүчний эрэлт цаашид өсөх төлөвтэй байна. Үүнд хиймэл оюун ухааны дата төвүүд болон хагас дамжуулагчийн үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж байгаа нь голлон нөлөөлж байна.

Японы дата төвүүдийн цахилгаан зарцуулалт 2024 онд 19 ТВт.ц байсан бол 2034 он гэхэд 57–66 ТВт.ц болж, гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Үүнд "Google", "Microsoft" зэрэг үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгч компаниудын оруулж буй 4 их наяд иен (28 тэрбум ам.доллар)-ийн хөрөнгө оруулалт голлон нөлөөлөх аж.

Эх сурвалж: oilprice.com