
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оныг эдийн засгийг өргөтгөхөд чиглэсэн эрхзүйн шинэчлэлийн жил болгон зарласан.
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн нэмэлт, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүнд үйлдвэрийн тухай хуулийг шинээр батлуулах ажлыг эхлүүлээд буй юм.
Ашигт малтмалын салбар нь Монгол Улсын эдийн засгийн стратегийн чухал хэсэг бөгөөд улсын нийт орлогын 28%, экспортын орлогын 94%, аж үйлдвэрийн салбарын 74%-ийг бүрдүүлдэг. Тиймээс хууль эрхзүйн орчныг шинэчлэх нь салбарыг тогтвортой хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах гол зорилготой юм.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Ашигт малтмалын тухай хууль бол Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой. Орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулахад иргэдийн дунд үл ойлголцол гардаг учраас шинэчилсэн хууль нь оролцогч бүх талын эрх ашгийг хамгаалж, хариуцлагатай уул уурхайг дэмжих чиглэлээр боловсруулсан" гэв.
Маргаашнаас эхлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Газрын тосны газар, Үндэсний геологийн алба хамтран 21 аймагт Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулна. Иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.
Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дараах гол шинэчлэлүүд хийгдэж байна.
АМНАТ-ийн илүү шударга хуваарилалт:
-Төсөл хэрэгжиж буй суманд 20%, аймагт 10% хуваарилах замаар орон нутгийн иргэдэд ашиг хүртээх,
Нөхөн сэргээлт, хариуцлагыг сайжруулах:
-Төсөл хэрэгжүүлэгч компаниудын нөхөн сэргээлтийн төлөвлөгөө хугацаандаа хэрэгжсэн эсэхийг үндэслэн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх,
Дотооддоо боловсруулах бодлого:
-Олборлосон түүхий эдийг боловсруулахыг дэмжиж, салбарыг тогтвортой хөгжүүлэх,
Мөн судалгаагаар, эрхзүйн орчин хэвээр байвал 2050 он гэхэд уул уурхайн салбарт шинэ хөрөнгө оруулалт орохгүй байх эрсдэлтэй байгаа бөгөөд татварын орчныг тодорхой хэмжээнд шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг тогтвортой хадгалах боломжтой гэж үзэж байна.
Эх сурвалж: АҮЭБЯ