
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг (2026.02.06) боллоо. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ “Салбарын сайдын ажлыг авснаас хойш асуудлаас тойрч зугтъя гэсэн бодолгүйгээр ажиллаж байна. Олон жил яригдсан үе үеийн Засгийн газар, сайд нарын оролдоод хийхгүй байсан асуудлыг бид явуулж байгаагаа хэлье. Яагаад гэвэл, бид энэ салбараараа улсын эдийн засгийг үүрч яваа хүмүүс” гэсэн юм. Мөн үргэлжлүүлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон шинэчилсэн найруулгын талаарх ялгааг товчхон тайлбарласан юм.
Тэрбээр “Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт нь яагаад шинэчилсэн найруулга биш юм бэ. Учир нь маш ойлгомжтой. Нуулгүй хэлэхэд одоо байгаагаасаа дордуулахгүй байх тухай л юм. Шинэчилсэн найруулга хийвэл хуулийн төслийн 80 хувь шинэчлэгдэнэ. Шинэ хууль бичигдэнэ, шинэ хууль үйлдвэрлэнэ, шинэ эрхзүйн орчин бүрдэнэ. Шинэ эрхзүйн орчныг олон нийтэд хүргэж бүгд хамтдаа ойлголцоно гэвэл их урт хугацаа зарцуулна. Нэмэлт, өөрчлөлтөөр бол 50 хувь хүртэл өөрчлөлт орно. Хуулийн үндсэн санаа үлдэж одоогийнхоос нь дордуулахгүй байх гэсэн зорилготой юм” гэлээ. Мөн уул уурхайн салбарын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдэд хандаж “Хүн бүрийн чухал өнцгийг тэгш баланс дээр удирдах нь төр засгийн ажил. Зугтах биш хооронд нь хэрэлдүүлж орхихгүй ийм л арга барилаар ажиллахыг хичээж байна” гэлээ.
Сайд мөн “Ухаад гаргахаасаа илүүтэй боловсруулдаг байх концепц хуулинд тусаж байна. Боловсруулах тусам ашигтай. Харин одоо мөрдөж буй хууль эрхзүйн орчинд бол боловсруулах тусам ашиггүй. Ух-ач-гарга. Ийм хууль байгааг болиулна. Улсын хэмжээнд зогссон 47 үйлдвэрийг ашиглалтад оруулж, тоог нь хоёр дахин өсгөнө. Үүнийг АМНАТ-ийн бодлогоор дэмжинэ. Хоёрт, уул уурхайн хариуцлагатай (тодотголтой) үйлдвэрлэл, хайгуул, олборлолтыг дэмжиж байгаа орон нутаг илүү түлхүү боломжийг авна...Хулгай хийгээд, зугтааж хүний сэтгэлээр хандаж байгаа төслүүдийг зогсооно” хэмээв.
Тэрбээр мөн “Төрийн бус байгууллага, иргэдийн дунд дийлэнх нь буруу ойлголттой, эсэргүүцэлтэй байгаа тал бий. Монгол Улс уул уурхай, үйлдвэрлэлээс үл хамаарах эдийн засагтай болж чадаагүй байна. Энэ цэгээс бидний өөрчлөлт эхэлнэ. Орос, Хятадад ч ийм байна. Австрали, Канадад ч ийм байна. Германд ч ийм байна гэж ярьдаг. Тийм. Гэхдээ тэдгээр улс ямар эдийн засгийн бүтэцтэй байгааг харах хэрэгтэй. Манай эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 36-38 хувийг манай салбар үйлдвэрлэж байна. Улс эх оронд шинээр орж ирж буй 100 ам.доллар тутмын 95-ыг нь энэ салбар оруулж ирж байна. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 76 хувийг бас л бид үйлдвэрлэж байна. Дээр нь бид хамгийн их зэмлүүлж, хамгийн их ачааг үүрч, хамгийн их асуудалтай байгаа юм шиг харагддаг” гэсэн юм.
Манай улсад 2015-2024 оны хооронд нийт 99.38 их наяд төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үүний 80 орчим хувь нь уул уурхайн салбарт ногджээ. Ирэх жилүүдэд уул уурхай, аж үйлдвэрийн бодлогын өөрчлөлт оруулахаар зорьж байгаа бөгөөд “амин сүнс” нь Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт аж.

Ирэх гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар зэхэж буй Ашигт малтмалын тухай хуульд хэд, хэдэн чухал өөрчлөлтийг оруулахаар тусгажээ. Тухайлбал,
– Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонголтыг бий болгох. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл, сонгон шалгаруулалтын зарчмаар олгох бөгөөд тусгай зөвшөөрөл олгох, авах нь хялбар болгоно. Харин тусгай зөвшөөрөл аваад хайгуулын ажлаа гүйцэтгэлгүй хадгалахад хүндрэлтэй буюу үнэтэй байх зохицуулалтыг хийнэ.
– Чухал ашигт малтмалын зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах. Дэлхий нийт өндөр технологийн түүхий эд болох чухал ашигт малтмалын талаарх бодлого тодорхойлж, энэ төрлийн ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлж байна. Манай улс ч чухал ашигт малтмалынхаа жагсаалтыг баталж дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн өөрийн бодлогыг тодорхойлох цаг нь болсон.
– АМНАТ тооцох аргачлалыг шинэчлэх, орон нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх. АМНАТ тооцох жишиг үнийг Монголын Хөрөнгийн биржийн үнээр тогтоох, зэсийн АМНАТ-ийн өсөн нэмэгдэх төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнд ногдох АМНАТ-ийг оновчтой тогтоож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх. Мөн баяжмалд дагалдаж буй элементэд ноогдуулах АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлэх, ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явагдаж байгаа аймаг, орон нутагт АМНАТ-ийг илүү хуваарилах зэрэг өөрчлөлт оруулсан байна.
Эх сурвалж: АҮЭБЯ