
Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хяналтын улсын ахлах байцаагчдын нэгдсэн зөвлөгөөн болж байна. Салбарын дэд сайд Б.Энхтүвшин энэхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын хаврын чуулганд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсныг онцоллоо.
Мөн хууль бус алт олборлогчидтой тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ гэдгийг дурдсан юм.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд алт, жонш болон Хөвсгөлд үнэт чулууг хууль бусаар олборлодгоос болж Монгол Улс уул уурхайгаас болж сүйрч байгаа юм шиг ард иргэдийн дунд нийтлэг ойлголт түгсэн. Тиймээс уул уурхайн салбарынханд эмзэг, сөрөг хандлагатай байдаг учир та бүхэн маань зөв мэдээ мэдээллээр хангах, хууль бус ашигт малтмал олборлогчидтой хатуу тэмцэх тэмцэх шаардлагатай. Хууль бус алт олборлогчидтой тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь бидний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг асуудалд тодорхой үр дүнгээ өгөх байх” гэв.
Үргэлжлүүлэн дэд сайд Б.Энхтүвшин яриандаа орон нутаг дахь мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгааг нуусангүй. Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг хангах, менежментээ боловсронгуй болгох, эрдэм шинжилгээний ажлын өгөөжийг дээшлүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зах зээлийн эдийн засгийн механизмыг сайтар ашиглахад өнөөдөр аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын улсын ахлах байцаагчдын үүрэг оролцоо чухал гэдгийг илэрхийлсэн юм.

Гурван өдөр үргэлжилж буй аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / байцаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг Нийслэлийн онцгой байдлын газарт зохион байгуулж буй юм. Анхдугаар зөвлөгөөнд нийслэл болон 21 аймгийн улсын байцаагч нар болон Ашигт малтмал, газрын тосны газар оролцож байна.
Цаашид жил бүр энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж ямар чиг үүрэгтэй ажиллах талаар зөвлөлдөж үүрэг чиглэлээ тодорхой болгоно гэдгийг энэ үеэр тодотголоо.
Эх сурвалж: АҮЭБЯ