
ТМК Энержи (TMK Energy Limited) компани Монгол Улсад 100% эзэмшдэг “Гурвантэс XXXV” нүүрсний давхаргын метан хийн (CSG) төслийн олборлолтын хэмжээ дахин шинэ дээд түвшинд хүрснийг зарлав.
2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр тус төсөл өдөрт ойролцоогоор 23,800 стандарт шоо фут (scfd) хий олборлосон нь түүхэн дээд амжилт боллоо. Энэ нь өмнөх 12 дугаар сард тогтоож байсан 20,100 шоо футын үзүүлэлтээс 18%-иар өссөн үзүүлэлт юм. Олборлолт ийнхүү нэмэгдэхэд бүтцийн хувьд дээд хэсэгт байрлалтай LF-07 цооногийн хийн гарц голлон нөлөөлсөн ба уг цооног нь тус талбай дээр өдөрт 10,000 шоо футаас дээш хий олборлосон анхны цооног боллоо.
Нэгдүгээр сарын хий олборлолтын дундаж хэмжээ өдөрт ойролцоогоор 593 шоо метр байсан нь 12 дугаар сарын дундаж (526 шоо метр)-аас 13%-иар өсжээ. Нэгдүгээр сарын нийт олборлолт 18,370 шоо метрт хүрсэн байна. Харин усны олборлолт өдөрт дунджаар 497 баррель орчимд тогтвортой байлаа.
Нэгдүгээр сарын сүүлчээр цахилгааны саатал гарсан нь олборлолтод түр зуур нөлөөлсөн ч компани олборлож буй хийгээ ашиглан бие даан эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр цахилгааны тасалдалаас хамааралгүй, цооногуудыг тасралтгүй шахаж ажиллуулах боломж бүрдэнэ гэж ТМК Энержи компанийн Гүйцэтгэх захирал Дугал Фергюсон онцоллоо.
Эх сурвалж: TMK Energy, Operations Update (2026.02.04)