АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн хэдий ч ам.долларын ханш суларсаар байна. Улмаар алтны үнэ нэг унц нь 5,500 ам.долларын босгыг давж огцом өслөө.
Алтны спот ханш дахин 2%-иар өсөж, нэг унц нь 5,588.36 ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоосноор энэ долоо хоногийн өсөлт нь бараг 9%-д хүрэв. Оны эхнээс тооцвол алтны ханш бараг 20%-иар өсөөд байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн үзүүлэлтийг (65%) төвөггүй давахаар байна.
Геополитикийн хурцадмал байдал, тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг нэгтгэхээр заналхийлж, Венесуэльд цэргийн ажиллагаа явуулах гэж буй зэрэг нь алтны үнийг урьд өмнө байгаагүй түвшинд хүргэх гол хөшүүрэг болов. Энэ долоо хоногийн эхээр алтны үнэ түүхэндээ анх удаа 5,000 ам.долларын босгыг эвдсэн билээ.
Мөнгөний ханш дахин дээд амжилт тогтоов
Сүүлийн нэг жилийн хугацаанд алтнаас илүү өндөр гүйцэтгэл үзүүлж, 2025 онд үнээ хоёр дахин нугалсан мөнгөний ханш мөн л шинэ дээд түвшинд хүрэв.
Мөнгөний спот ханш 4%-иар өсөж, нэг унц нь бараг 118 ам.долларт хүрснээр оны эхнээс хойших өсөлт нь 50%-д дөхөж ирлээ.
Мөнгөний зах зээл дэх савлагаа их байгаатай холбогдуулан CME Group мөнгөний фьючерс арилжааны барьцаа хөрөнгөө Лхагва гарагийн (2026.01.29) арилжаа хаагдсанаас эхлэн нэмэгдүүлсэн бол Хятадын мөнгөний төрөлжсөн цорын ганц сан өдрийн эхээр арилжаагаа зогсоосон байна.
Ийм асар их өсөлттэй байгаа хэдий ч шинжээчид үнэ цаашид ч өсөх боломжтой гэж үзэж байна. Citigroup банк Хятадын эрэлт нэмэгдэнэ хэмээж, ирэх гурван сарын дотор мөнгөний үнэ 150 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ.
Эх сурвалж: mining.com