Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Салбарын хуулийн шинэчлэлд АНУ-ын Арилжааны эрх зүйн хөтөлбөрөөс техникийн туслалцаа авна


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв АНУ-ын Төрийн департаментын Солонгос, Монголын асуудал хариуцсан албаны захирал Майкл Флорес болон АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч (2026.01.22) уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд хоёр улсын хооронд байгуулсан “Эрдэс баялгийн салбарын хөгжил, засаглалд хамтран ажиллах тухай” болон “Хөдөлмөрийн хамтын ажиллагааны тухай” харилцан ойлголцлын Санамж бичгүүдийн хэрэгжилтийг дүгнэв. Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв эдгээр баримт бичгийг бодит ажил хэрэг болгох үүднээс хамтарсан ажлын хэсэг байгуулж, тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Талууд дараах үндсэн чиглэлүүдээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиров. Үүнд:

-Хууль эрх зүйн шинэчлэл: Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай болон Цөмийн энергийн тухай хуулиудын шинэчлэлийн хүрээнд хуулийн давхардал, хийдлийг арилгахад АНУ-ын Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр (CLDP)-өөс техникийн туслалцаа авах;

-Хөрөнгө оруулалт ба Технологи: Геологи, хайгуулын салбарт АНУ-ын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, эрдэс баялгийн нөөцийн үнэлгээ хийх болон нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах;

-Орон нутгийн харилцаа ба Засаглал: Уул уурхайн салбарын бодлогыг орон нутагт сурталчлан таниулах, иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх замаар салбарын нийгмийн зөвшөөрлийг бэхжүүлэхэд АНУ-ын шилдэг туршлага, техникийн дэмжлэгийг ашиглах;

-Чадавхыг бэхжүүлэх: Салбарын мэргэжилтнүүдийг АНУ-ын уул уурхайн шилдэг засаглал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) стандартаас суралцуулах, туршлага судлах хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх.

АНУ-ын төлөөлөгчид Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хэрэгжиж буй шинэчлэлийг дэмжиж, техникийн болон бодлогын зөвлөх туслалцааг үргэлжлүүлэн үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд хоёр тал хамтын ажиллагааг илүү бодитой, үр дүнтэй болгох, тогтмол яриа хэлэлцээний механизм бүрдүүлэх чиглэлд цаашид талууд эрдэс баялгийн салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулахад нягт хамтран ажиллахаар санал нэгдлээ.

 

 

 

Эх сурвалж: АҮЭБЯ