
Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation (MMC) 2025 оны үйл ажиллагааны нэгдсэн тайлангаа (2026.01.20) танилцууллаа. Тус компани үндсэн чиглэл болох коксжих нүүрсний олборлолт, борлуулалтаа тогтвортой хадгалаад зогсохгүй алт, зэс зэрэг үнэт болон суурь металлын салбарт үйл ажиллагаагаа амжилттай төрөлжүүлж эхэлсэн байна.
Коксжих нүүрсний үйл ажиллагааны хувьд MMC 2025 онд нийт 8.2 сая гаруй тонн угаасан коксжих нүүрс борлуулсан нь өмнөх оныхоос 4 хувиар өссөн үзүүлэлт болов. Ялангуяа жилийн сүүлийн улиралд борлуулалт эрчимжиж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37 хувиар өссөн нь Ухаа Худаг болон Баруун Наран уурхайнуудын үйл ажиллагаа жигдэрснийг илтгэнэ. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 60 орчим хувийг сайн чанарын хатуу коксжих нүүрс эзэлж байна.
Нүүрсний салбараас гадна 2025 он тус компанийн хувьд үнэт металлын салбарт түүхэн ахиц гаргасан жил байв. Баянхонгор аймагт орших "Баянхөндий" алтны уурхай 9 дүгээр сард анхны алтаа цутгаж оны эцэс гэхэд 7,434 унц алт болон 2,634 унц мөнгийг Монголбанк болон арилжааны банкуудад амжилттай тушаажээ.
Үүний зэрэгцээ дараагийн томоохон "White Hill" зэс-мөнгө-алтны төслийг эрчимтэй урагшлуулж байна. 2025 оны дөрөвдүгээр улиралд тус ордын талбайд геологи, гидрогеологийн хайгуулын өрөмдлөг, загварчлал, технологийн туршилтын ажлуудыг гүйцэтгэжээ. Эдгээр ажлын үр дүнд ЖОРК (JORC) стандартаар нөөцийг шинэчлэн тогтоож, төслийн ТЭЗҮ-ийг эцэслэхэд шаардлагатай техникийн тайлангуудыг бэлтгэж байна.
Эх сурвалж: mmc.mn