
Рио Тинто групп өнөөдөр (2026.01.21) 2025 оны дөрөвдүгээр улирал болон бүтэн жилийн үйл ажиллагааны тайлангаа албан ёсоор олон нийтэд танилцууллаа. Тус группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт 2025 оныг "онцгой амжилттай жил" байсныг тэмдэглээд, ялангуяа зэс болон бокситын үйлдвэрлэлээр түүхэн дээд амжилт тогтоосноо онцолсон юм.
Зэсийн үйлдвэрлэлийн үсрэлт ба Оюу толгойн амжилт
Рио Тинто-ийн 2025 оны зэсийн нийт үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 11%-иар өсөж, 883,000 тоннд хүрсэн байна. Энэхүү үзүүлэлт нь компанийн өмнө нь таамаглаж байсан 860,000-875,000 тонн гэсэн хүлээлтээс давсан амжилт болов.
Зэсийн үйлдвэрлэлийн энэхүү өсөлтийн гол хөдөлгүүр нь Монгол Улс дахь Оюу толгой уурхай байлаа. 2025 оны 4 дүгээр улирлын байдлаар Рио Тинто-ийн нийт зэсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 5%-иар өссөн бол Оюу толгой компанийн хувьд дараах онцлох үзүүлэлтүүд гарчээ:
Улирлын дээд амжилт (Q4): Баяжмал дахь зэсийн хэмжээ 104,000 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 57%-иар өссөн.
Жилийн дүн (2025): Оюу Толгойн зэсийн үйлдвэрлэл жилийн дүнгээр 61%-иар, алтны үйлдвэрлэл 121%-иар тус тус өсжээ.
Үйл ажиллагааны үзүүлэлт: Гүний уурхайн хүдэр олборлолт 12-р сард өдөрт дунджаар 42,000 тонн, оргил үедээ 52,000 тоннд хүрсэн байна.
Оюу толгой уурхай нь 2030 он гэхэд дэлхийн 4 дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байна
Гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтад 7.06 тэрбум ам.доллар зарцуулсан. 2025 оны 4-р улиралд гүний уурхайн төслийн үндсэн бүтээн байгуулалт бүрэн дууссан. 3-р улиралд Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл болон 2-р анхдагч бутлуур (Primary Crusher #2) ашиглалтад орж, одоо үйл ажиллагааг ашиглалтын багт аюулгүй шилжүүлэх ажил явагдаж байна.
2028-2036 оны хооронд жилд дунджаар ~500,000 тонн зэс олборлоно. Энэхүү зорилтыг 2023 оны 7-р сарын 11-ний өдөр Австралийн Хөрөнгийн Биржид (ASX) мэдээлсэн бөгөөд бүх суурь таамаглалууд өөрчлөгдөөгүй хэвээр байна.
"Entrée" лицензийг шилжүүлэх асуудлаар Монгол Улсын Засгийн газартай үргэлжлүүлэн ажиллаж байна. Лиценз шилжих хугацаанаас хамаарч "Panel 1" эсвэл "Panel 2 South" хэсгийн алийг нь түрүүлж ашиглалтад оруулахаа шийдвэрлэх юм.
Рио Тинто зөвхөн зэсээр зогсохгүй бусад ашигт малтмалын төрөлд өндөр гүйцэтгэл үзүүлэв:
Төмрийн хүдэр (Pilbara): Баруун Австралийн Пилбара бүсэд 4-р улиралд олборлолтын дээд амжилт тогтоож, жилийн эхэн үеийн цаг агаарын саатлаа бүрэн нөхөв.
Симанду (Гвиней): Төмрийн хүдрийн аварга төслөөс анхны тээвэрлэлтээ 4-р улиралд хийсэн нь түүхэн үйл явдал болов.
Боксит: Үйлдвэрлэл жилийн турш өндөр байж, үйл ажиллагааны чанарт томоохон ахиц гаргав.
Лити: Аргентин дахь үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж, улирлын дээд амжилт тогтоолоо.
Бусад зэсийн уурхайнууд:
Kennecott (АНУ): Засвар үйлчилгээ дууссанаар 4-р улирлын гүйцэтгэл сайжирсан ч, жилийн дүнгээр цэвэршүүлсэн зэсийн хэмжээ 31%-иар буурчээ.
Escondida (Чили): Хүдрийн агуулга багассантай холбоотойгоор үйлдвэрлэл бага зэрэг буурсан байна.
Рио тинто компани ирэх 2026 оны үйлдвэрлэлийн төлөвөө албан ёсоор баталгаажуулж, зах зээлд танилцууллаа. Тус компани ирэх онд төмрийн хүдрийн олборлолтоо 343-аас 366 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа бол зэсийн үйлдвэрлэлээ 800,000-аас 870,000 тонны хооронд байхаар тооцоолжээ. Мөн ирээдүйн эрчим хүчний гол түүхий эд болох литийн үйлдвэрлэлийг 61,000-аас 64,000 тоннд хүргэж, олборлолтын хэмжээгээ тогтвортой хадгалах зорилт тавин ажиллаж байна.
Эх сурвалж: Rio Tinto Group: "Rio Tinto releases fourth quarter 2025 production results | Global" (2026.01.21)