Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

ОХУ-аас шатахууны нийлүүлэлтийг энэ онд тасралтгүй, тогтвортой явуулахаар тохиролцов

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзаж, газрын тосны бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх асуудалд гарсан бэрхшээлийг хэрхэн шийдэх талаар санал тавьж харилцан (2026.01.19) тохиролцлоо.

Уулзалтаар шатахуун нийлүүлэлтийн явцад өмнө нь гарч байсан хүндрэлийг давтахгүй байх, 2026 онд нийлүүлэлтийг хэрхэн тогтвортой хангах талаар ажил хэргийн саналуудыг хэлэлцэж, цаашдын төлөвлөлт, уялдаа холбоог хангах ажлыг 2 яамны зүгээс цахим хэлбэрээр тогтмол зохион байгуулж шуурхай шийдвэрлэж байхаар ярьж тохирлоо.

ОХУ-ын талаас 2026 онд Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг хэвийн төвшинд, тасралтгүй нийлүүлэх боломжтой бөгөөд өөрийн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөвлөгөөнд Монголын захиалгыг эрт оруулж төлөвлөх боломжоор ханган нийлүүлэлтийг хэвийн байлгах боломжтойг илэрхийллээ.

Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт, Монгол Улсын хилтэй ойр бүсэд шатахууны агуулахыг манай дотоодод хадгалах савны нөөц бүрдтэл түр хугацаанд түрээслэн нөөц бүрдүүлэх тал дээр хамтарч ажиллах, цаашид ОХУ-ын үйлдвэрүүдээс ачигдахаас эхлэн Монгол Улсад хэрэглэгчийн машинд цэнэглэгдэх хүртэлх бүх процессыг удирдан шийдэх удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн “эко систем”-ийг хамтран бий болгох боломжийг судалж, холбогдох шийдвэр гаргах талаар ярилцав.

Сайд Г. Дамдинням сүүлийн саруудад үүссэн шатахуун хомстолыг даван гарахад хамтран ажиллаж тус яамны зүгээс шуурхай удирдлагаар дэмжлэг үзүүлж байсанд талархал илэрхийлэв. ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв Монгол Улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүнийг цаашид тогтвортой нийлүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад “Газпром”, “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Татнефть”, “Оросын төмөр зам” зэрэг компаниудын төлөөлөл болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.

 

Эх сурвалж: АҮЭБЯ