
Ч.Сансар
Хятад улс өндөр үнийн улмаас Оросоос цахилгаан импортлохоо зогсоосон тухай Оросын хэвлэлүүд мэдээлсний дараа Орос улс Хятад руу цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтээ сэргээх талаар Бээжинтэй хэлэлцээр хийж байна гэж Оросын Эрчим хүчний яам Баасан гарагт Ройтерс агентлагт мэдэгдэв.
Өнгөрсөн Баасан гарагт Оросын "Коммерсант" сонинд Хятад улс 1 дүгээр сарын 1-нээс Оросоос цахилгаан худалдан авахаа больсон гэж мэдээлсэн юм.
"Коммерсант" сонинд мэдээлснээр, Хятад улс Оросын цахилгаан эрчим хүчийг худалдаж авахаас татгалзсан нь Оросын экспортын өндөр үнэтэй холбоотой гэжээ. 2026 онд Оросын экспортын үнэ ханш нь Хятадын эрчим хүчний дотоод үнээс анх удаа давсан байна.
Орос, Хятадын хоорондох цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээ 2037 он хүртэл хүчинтэй. Хэрэв Хятад хүсэлт гаргавал Оросын Эрчим хүчний яам экспортоо сэргээх боломжтой гэж "Коммерсант" сонинд өгүүлжээ.
"Хэрэв Бээжин холбогдох хүсэлтээ илгээж, талууд харилцан ашигтай нөхцөлөөр тохирч чадвал Орос улс Хятад руу цахилгаан экспортлоход бэлэн байна " гэж тус яам Ройтерс агентлагт мэдэгдсэн байна.
Оросын Алс Дорнодын бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний эрэлтийг хангах нь Оросын гол зорилго юм. Гэсэн хэдий ч талууд үнэ дээр тохиролцож чадвал Орос улс экспортоо үргэлжлүүлэх боломжтой гэж тус яам тайлбарлалаа.
Аль ч тал гэрээг цуцлах хүсэлгүй байгаа бөгөөд талууд цахилгаан эрчим хүч худалдах боломжуудыг идэвхтэй судалж байна гэж Хятад руу цахилгаан экспортолдог Оросын ИнтерРАО компани мэдэгдлээ.
Талууд эрчим хүчний үнийн асуудлаар хэд хэдэн удаа маргалдаж байсан. Жишээ нь Оросоос Хятад руу Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч 2" төслийг хэрэгжүүлэхэд байгалийн хийн үнэ болон бусад асуудал дээр харилцан тохиролцоонд хүрэх ажил хүлээгдэж байна.