Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Sprott: 2026 онд алт, зэс, уран зах зээлийг тодорхойлно

Эх сурвалж: planetarypl.com

Чухал ашигт малтмал 2025 онд дэлхий дахины анхаарлын төвд байлаа. Үүний зэрэгцээ үнэт металл болох алт, мөнгөний ханш "аюулгүй хоргодох газар" гэх статусаа бататгаж, түүхэн дээд хэмжээндээ хүрч өслөө.

Энэхүү хандлага шинэ онд ч үргэлжилж байгаа бөгөөд геополитикийн зөрчил, баялгийн үндсэрхэг үзэл (resource nationalism) болон нийлүүлэлтийн байнгын саатал зэрэг нь үнэт металлын зах зээлийг дэлхий нийтийн анхаарлын төвд хэвээр байлгаж байна. Үүнтэй холбогдуулан Sprott компанийн шинжээчид хөрөнгө оруулагчдын энэ онд анхаарах ёстой гол сэдвүүдийг дараах байдлаар тодорхойлжээ.

Дэлхийн гүрнүүдийн геополитикийн хагарал гүнзгийрч, "доллараас татгалзах" (de-dollarization) үйл явц эрчимжсэнээр алт нь дэлхийн санхүүгийн систем дэх хамгийн найдвартай, төвийг сахисан нөөцийн хөрөнгө болох статусаа улам бататгалаа.

Олон улсын валютын сангийн (IMF) мэдээгээр, дэлхийн валютын нөөцөд ам.долларын эзлэх хувь 1999 онд 71% байсан бол 2025 оны дунд үе гэхэд 56.3% болж, сүүлийн 30 жилийн хамгийн доод түвшиндээ хүрсэн байна. Үүний зэрэгцээ төв банкууд алтны нөөцөө түүхэн хэмжээгээр нэмэгдүүлж байгаа бөгөөд 2026 оны судалгаагаар төв банкуудын 95% нь ирэх 12 сард алтны нөөцөө үргэлжлүүлэн өсгөх хүлээлттэй байна.

Эх сурвалж: GoldPrice.org

2025 онд үнэт металлын зах зээлд жинхэнэ "тэсрэлт" болсон бөгөөд алтны үнэ жилийн дотор 60%-иар, мөнгөний үнэ 150%-иар тус тус өссөн нь 1979 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болов. 2026 оны эхний сарын байдлаар:

  • Алт: Нэг унц нь 4,600 ам.долларыг давж, түүхэн шинэ дээд амжилт тогтоогоод байгаа бөгөөд шинжээчид оны эцэс гэхэд 5,000 ам.доллар хүрнэ гэж таамаглаж байна.

Эх сурвалж: SilverPrice.org
  • Мөнгө: Мөнгөний хувьд ч өсөлт үргэлжлэх төлөвтэй. Өмнө нь мөнгө зөвхөн алтыг дагасан санхүүгийн хэрэгсэл байсан бол одоо үйлдвэрлэлийн эрэлтийн (нарны хавтан, AI дата төв) ачаар "чухал ашигт малтмал"-ын статустай болсон. Нэг унц нь 93 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.

"Debasement" буюу Цаасан мөнгөнөөс татгалзах

Sprott-ийн тайланд дурдсан "Debasement" гэдэг нь цаасан мөнгө (fiat currency) үнэ цэнээ алдахыг хэлж байгаа юм.

Ялангуяа АНУ-ын төсвийн алдагдал архаг шинжтэй болж, улсын өр нь 2025 онд 38 их наяд долларт хүрсэн нь арван жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн үзүүлэлт юм. 2026 онд төсвийн давамгайлал сулрах бус харин ч гүнзгийрэх төлөвтэй байгаа нь алт зэрэг бодит хөрөнгийн стратегийн ач холбогдлыг нэмэгдүүлж байна. Мөн геополитикийн тогтворгүй байдлаас үүдэлтэй инфляц хэвээр байх тул алт нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн сайн "хамгаалалт" болж байна.

2025 онд ажиглагдсан дэлхийн металлын нөөцийн нэгдсэн тогтолцооны задрал энэ онд ч түүхий эдийн зах зээлийн өсөлтийг дэмжих хүчин зүйл болно гэж Sprott үзэж байна. Татвар, хураамжийн эрсдэл болон баялгийн үндсэрхэг үзлээс шалтгаалан улс орнууд газрын ховор элемент, зэс, платинумын бүлгийн металлууд (PGMs) болон хөнгөн цагааны нөөцийг бүрдүүлж эхэлсэн. АНУ дотоодын үйлдвэрлэлээ дэмжих үүднээс импортын зэс дээр тариф тогтоож магадгүй байгаагаас үүдэж Нью-Йоркийн (COMEX) бирж дээрх зэсийн үнэ Лондоноос (LME) харьцангуй өндөр тогтож байна.

Sprott-ийн үзэж байгаагаар 2026 онд уран, зэс болон газрын ховор элементүүд хүчтэй өсөлт үзүүлнэ.

  • Уран: Технологийн томоохон компаниуд хиймэл оюун ухааны дата төвүүдийн эрчим хүчийг хангахын тулд цөмийн эрчим хүчний олон жилийн гэрээ байгуулж байгаа нь гол хөдөлгөгч хүч болж байна. АНУ ч шинэ реактор барихад 80 тэрбум долларын санхүүжилт зарлаад байгаа юм.

  • Зэс: Нийлүүлэлтийн хомсдол болон эрэлтийн бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалан үнэ өсөх төлөвтэй. Шинэ уурхай илрүүлснээс хойш олборлолт эхлэх хүртэл дунджаар 17 жил зарцуулдаг тул зэсийн хомсдол удаан үргэлжлэх магадлалтай.

  • Газрын ховор элемент: БНХАУ нийлүүлэлтийг хянаж байгаа нь хамгийн том эмзэг тал юм. АНУ, Хятадын харилцаа муудах тусам БНХАУ-аас гадуурх олборлолтыг дэмжих дэлхий нийтийн сонирхол хурдасгахаар байна.

Эх сурвалж:  mining.com