
The Mongolian Mining Journal - 2025 оны 12-р сарын дугаар
А.Халиун
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаарх УИХ-ын нээлттэй сонсгол 12 дугаар сарын 8, 10, 12-ны өдөр боллоо. Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хэмээх урт нэртэй хороог УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар ажиллав.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад оролцсон үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, салбарын сайд, Ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл болон “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд зэрэг 300 орчим хүнийг гэрчээр дуудсанаас 207 хүн ирж, ирц 70 гаруй хувьд хүрсэн нь өмнөх сонсголуудаас өндөр ирцтэй байсныг Түр хорооны дарга О.Батнайрамдал онцлов.

Оюу толгой төсөл нь Монгол Улсын эдийн засаг, зөвхөн өнөөгийн монголчуудад төдийгүй үр хойч үед чухал төсөл хэвээр байх учир Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, төслийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор сонсголыг зохион байгууллаа.
Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас хойш 16 жилийн хугацаанд нийт 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн энэ төсөл ирэх 20-30 жилд ч Монгол Улсын эдийн засагт хамгийн ач холбогдолтой төсөл хэвээр байх юм. 18 мянган хүн ажиллаж буй Оюутолгой төсөл нь Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 40 орчим хувь, нийт өрийн 50%, валютын нөөцийн 31%-ийг бүрдүүлж буй мега төсөл боловч хөрөнгө оруулалтын гэрээнд засаж, сайжруулах зүйл багагүй гэдгийг Түр хорооны дарга онцолж байв.
Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн бүлэг ордын 34%-ийг эзэмшсэний хувьд мөн төслийн нийт хөрөнгө оруулалтын 34%-д ногдох санхүүжилтийг хариуцах үүрэг хүлээх ёстой. Тухайн үед Засгийн газар “Манайд мөнгө байхгүй, танайх гаргах уу?” гэтэл хөрөнгө оруулагчид нь “Манайд ч байхгүй. Бид зээлээр санхүүжүүлье” гэж хоёр тал тохирсон гэж энгийнээр товчхон тайлбарлаж болно.
Гэтэл зээлийн хүү нь уул уурхайн төслийн зээлээс 3-6%-иар өндөр, Монголд ашиг багатай гэрээ болсон талаар хөндөгдөж, үүнийг хэрхэн засаж сайжруулах талаар сонсголд оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм.
С.БАЯР: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ БОЛЖ ХУВИРСАН

Оюутолгойн орд ашиглах гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Ерөнхий сайд С.Баярын Засгийн газрын үед байгуулсан.
Хөрөнгө оруулалтын гэрээний чухам ямар зүйл заалт нь алдаатай эсэх болон хэрэгжилтийн явцад засаж сайжруулах ямар шийдэл байгаа талаар 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, “Хөрөнгө оруулалтын гэрээний өгөөж хамгийн гол асуудал. Тухайн үеийн тооцооллоор төслийн өгөөж 53-58% байх, хэрэв 34%-ийг эзэмшихгүй бол өгөөж 70 гаруй хувьд хүрэх тооцоо гарсан. Яагаад 34%-ийг эзэмших болсон болон хувьгүйгээр тооцсон тухайд 2009 оны 7 дугаар сарын 16-нд батлагдсан УИХ-ын 57 дугаар тогтоолын эргэн тойронд энэ удаа ярих ёстой. УИХ-ын 57 дугаар тогтоол гарсанд би Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун бус байсан. Яагаад гэвэл, энэ тогтоол тухайн үеийн Ашигт малтмалын тухай хуульд нийцэхгүй байгааг тухайн үед УИХ-ын удирдлага болон баталсан гишүүдэд ч хэлж байсан.
Ашигт малтмалын тухай хуульд “улсын төсвийн оролцоогүй хайгуул хийсэн орд газарт 34 хүртэл хувийг төр эзэмшинэ” гэж заасан. Гэтэл 57 дугаар тогтоолд 34- өөс доошгүй хувийг төр эзэмшинэ. Анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төр 50 хүртэл хувийг эзэмшинэ буюу хуулиас давсан шаардлагыг тусгасан. Нэгэнт УИХ-ын тогтоол гарсан тул Засгийн газар тэр дагуу ажиллахаас өөр аргагүй болсон.
34%-ийг эзэмших болсонтой холбоотойгоор Хөрөнгө оруулалтын гэрээ зээлийн гэрээ болж хувирсан. Засгийн газар 34%-иа санхүүжүүлэхийн тулд зээл авна. Асуудлын гол нь одоо зээл, зээлийн өндөр хүү болоод байна.
Төсөл хэрэгжүүлэгч хоёр тал үр өгөөжийн талаар ярих ёстой ч, сүүлийн 10 гаруй жил зээл, зээлийн хүүний талаар ярьж байна. Засгийн газар хөрөнгө оруулагч “Рио Тинто” групптэй хэлэлцээ үргэлжилж байна. 34%-тайгаа байгаа нөхцөлд бид өр зээлээ ярьсаар л байх болно. Хүүг буулгалаа гэхэд 0 хүргэж чадахгүй шүү дээ.
Хөрөнгө оруулалтын гэрээний нэг гол алдаа бол 34%. Мөн төслөөс хүртэх үр өгөөжийг хууль болон гэрээндээ яв цав тусгаагүй нь манай Засгийн газар болон Ерөнхий сайд байсан миний алдаа. Татвар хураамж, ногдол ашиг авна гэсэн ерөнхий заалт гэрээнд бий ч үүнийг хуульчлаагүйгээс талууд ойлголтын зөрүүтэй ярьж, тайлбарлаж байна. 34%-ийг тусгай АМНАТ-өөр тооцож авах эрх зүйн зохицуулалт тухайн үед байгаагүй юм. Энэ зохицуулалт байсан бол үр өгөөж өндөр гарах байв.
С.БАЯРЦОГТ: ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖТОЙ, ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХАНГАЛТГҮЙ АЖИЛЛАСАН
Сангийн сайд асан С.Баярцогт, Эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Үе үеийн Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээний гүйцэтгэл, хэрэгжилтийг хангаж ажиллаагүй. Зээлийн хүү болон менежментийн төлбөр өндөр байна. ТЭЗҮ-д төслийн үр өгөөжийн 53%- ийг Монголын тал авна гэснийг бусад бичиг баримтад тусгаж баталгаажуулах ёстой байсан.
Төсөл 70 жил үргэлжлэх учир зээл аваад явбал зээлийн хүүг тодорхой хугацаанд ярьдаг байя. ТЭЗҮ-ийг 5 жил тутамд шинэчлэх, зээлийн хүүг шинэчлэх талаар 7 жил тутамд ярилцаж тохиролцох талаарх зохицуулалтыг хийсэн ч 2018 онд тухайн үеийн Засгийн газар үүнийг хэрэгжүүлээгүй. Энэ талаар ард түмэнд нээлттэй ярихаас гадна тогоон дотроо ярих зүйл ч байна. Хөрөнгө оруулалтын гэрээ сайн болсон. Харин хэрэгжилтийг муу хангасан гэж би хувьдаа боддог. Долоон жилд зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг хөрөнгө оруулагч талтай хийгээд явбал хүү зохистой хэмжээнд хүрэх боломжтой.
Үүнийг зөвхөн би яриад байгаа юм биш. 2019 оны УИХ-ын 97 дугаар тогтоолд Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруул. Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг хуульд нийцүүл гэсэн эхний хоёр заалт бий. Засгийн газар өгөөжийн 53%-ийг, хөрөнгө оруулагч тал 47%-ийг хүртэх заалтыг Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгахаар тогтсоныг 2021 оны Засгийн газар хийгээгүй.
Хувь нийлүүлэгчдийн гэрээнд төслийн гол гол зардлууд, зээлийн хүү, татварын хөнгөлөлтүүдийн талаар тусгасан. Энэ гэрээг өөрчлөх боломж үргэлж нээлттэй. Хоёр тал тохироод л гарын үсэг зураад явах боломж бий. Хэрэв хөрөнгө оруулагч тал зээл хэлбэрээр мөнгө хүүлж байгаа бол алдаа дутагдлуудыг нь гаргаж тавиад, хэлэлцээр хийх боломжтой. Үе үеийн Засгийн газар ажлаа хангалтгүй хийсэн гэж үүнийг хэлж байгаа юм гэв.
ТӨСӨЛД 11.6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ ХИЙСЭН
Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил энэ жил дуусаж, төсөл маш том шилжилт хийж байна. 16 жилийн бүтээн байгуулалтаас тогтвортой олборлогч, томоохон үйлдвэрлэгч компани болно. 2-3-хан жилийн дараа “Оюутолгой” компани дэлхийн 3 дахь том зэсийн үйлдвэрлэгч болох төлөвлөгөөтэй байгаа. Иймд анх тохирсон 53%-ийн өгөөжийн талаарх тохиролцоогоо хангах ёстой гэсэн байр суурийг Түр хорооны дарга О.Батнайрамдал илэрхийллээ.
Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын талаар “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, “Рио Тинто” групп Оюутолгой төсөлд 2010-2024 онд 32 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд энэ хөрөнгө оруулалт Монгол Улсын эдийн засагт нэгэнт шингэсэн. Энэхүү хөрөнгө оруулалтыг 3 эх үүсвэрээс гаргасан. Оюутолгой 2013 оноос олборлолт хийж, орлого орж эхэлсэн. Борлуулалтын орлого 2013-2024 онд 16.4 тэрбум ам.доллар болсон бөгөөд энэ төслийн урсгал зардал, бүтээн байгуулалтад зарцуулагдсан. Төсөлд 11.6 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт хийсэн гэв.
Оюу толгой төсөл 2030 оноос дэлхийн гуравдагч том зэс олборлогч болох талаар сонсгол даргалагч дурдаад “2006 оноос “Рио Тинто” групп Монгол Улсад энэ бүтээн байгуулалтыг эхлүүлсэн, бид үүнд талархалтай хандах учиртай. Цаашид ч олон арван жил түншилж, хамтдаа урагшилна. Нөгөө талаар 30 жилийн хугацаатай Хөрөнгө оруулалтын гэрээний 16 жил буюу талаас илүү нь өнгөрсөн энэ үед бид гэрээ, хэрэгжилт, үр дагаварт үнэлэлт дүгнэлт хийж, шийдвэр гаргах цаг болсон гэж үзэж байна. Түр хорооны үйл ажиллагааны үр дүнд Оюу толгой төсөл итгэлцэлд тулгуурласан харилцан ашигтай шинэ эрин эхлээсэй хэмээн хүсэж буйгаа 3 өдөр үргэлжилсэн сонсголыг хааж хэлсэн үгэндээ онцлов.
Хянан шалгах түр хороо 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс хойш таван сар гаруйн хугацаанд 18 хянан шалгагч ажиллаж, нотлох баримтуудыг хянан шалгаж, дүгнэлт, шинжилгээг хийж, нээлттэй сонсголын үр дүнг УИХ-д танилцуулсан байна. Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг 12 дугаар сарын 26-ны баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар баталлаа. Засгийн газар хөрөнгө оруулагч “Рио Тинто” групптэй хэлэлцээ эхлүүлээд буй энэ үед УИХ-ын тогтоол батлагдсан нь хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээрийн чиглэлийг тодорхой болгож байна.
Тогтоолд, хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээрийн үеэр “Монголын талд ногдох өгөөж 53-аас доошгүй хувь байх” гэсэн тодорхой заалтыг гэрээнд тусгахыг Засгийн газарт үүрэг болгожээ.
Мөн Хувь нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилтийг дүгнэж, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын алдагдсан боломжийг тооцоолох, арга хэмжээ авахыг УИХ-ын тогтоолд тусгасан гэж Түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн П.Ганзориг ярилаа.