
Ч.Сансар
Хятадын нүүрсний импорт өнгөрсөн жил 2024 онтой харьцуулахад 9.6%-иар буурч, нийт 490 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлсэн байна. Энэхүү бууралт нь дотоодын нүүрсний олборлолт өссөн, нүүрс болон хийн станцуудын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл буурсантай холбоотой ажээ.
Хятадын статистикийн мэдээнд дурдсанаар, байгалийн хийн импорт өнгөрсөн онд 2.8%-иар буурч 127.87 сая тоннд хүрсэн байна. Харин өнгөрсөн 12 дугаар сард улирлын чанартай эрэлт өссөний улмаас хийн импорт 16.3%-иар нэмэгдэж 13.45 сая тоннд хүрсэн бол нүүрсний импорт 12%-иар нэмэгдэж 58.59 сая тонн хүрчээ. Мөн газрын тосны импорт өсөж, өдөрт 12 сая баррельд хүрсэн байна.
Хятадад нүүрсний станцуудын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч өнгөрсөн жил бага зэрэг буурсан нь 2015 оноос хойш анхны бууралт болжээ. Өнгөрсөн оны 1 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл нүүрс, хийн станцуудын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 0.7%-иар буурчээ.