Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Венесуэлийн түүхий нефтийн экспорт хаашаа чиглэж ирсэн бэ?

Т.Бямбанаран

Венесуэл улс нь дэлхийн хамгийн их газрын тосны нөөцтэй орнуудын нэг боловч энэхүү асар их боломжийг экспортын бодит орлого болгож чадах эсэх нь аль зах зээлд нефть нийлүүлэхээс ихээхэн хамаардаг.

АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах тусгай ажиллагаа явуулсны дараа Венесуэлийн газрын тосны салбар эрс өөрчлөгдөх төлөвтэй байна. Тэгвэл энэхүү үйл явдлаас өмнө тус улсын газрын тосны экспорт аль улс орнууд руу түлхүү чиглэж байв?

Венесуэлийн түүхий нефтийн экспорт хаашаа чиглэж ирсэн бэ?

2023 онд Венесуэл нийт 211.6 сая баррель түүхий нефть экспортолсон бөгөөд үүний 90 гаруй хувийг зөвхөн БНХАУ болон АНУ руу нийлүүлсэн байна.

Хятад улс Венесуэлийн түүхий нефтийн хамгийн том зах зээл. Тодруулбал, 2023 онд 144 сая баррель нефть импортолсон нь Венесуэлийн нийт түүхий нефтийн экспортын 68%-ийг эзэлж байв.

АНУ нь хоёр дахь том худалдан авагч болж, мөн онд Венесуэлээс 48.5 сая баррель нефть импортолсноор тухайн жилийн нийт экспортын ойролцоогоор 23%-ийг бүрдүүлсэн аж.

Испани болон Куба улсууд 2023 онд тус тус 8.5 сая болон 7.6 сая баррель түүхий нефтийг Венесуэлээс худалдан авч, дараагийн томоохон импортлогчид болсон.

Хятад-Венесуэлийн эдийн засгийн харилцаа

2019 оны 1 дүгээр сард Трампын засаг захиргаа Венесуэлийн төрийн өмчит газрын тос, байгалийн хийн компани болох “PDVSA”-д хориг арга хэмжээ тогтоосны дараагаар тус компани АНУ-тай бэлэн мөнгөөр хэвийн худалдаа хийх боломжоо алдсан. Ийнхүү Венесуэл улсын түүхий нефтийн экспортын ихээхэн хэсэг нь газрын тосоор өр зээлээ төлөх хэлбэрт шилжсэн байдаг.

Энэхүү тогтолцоонд Хятад улс голлох байр суурь эзлэх болсон. Сүүлийн арван жилийн хугацаанд тус улс Венесуэлд бараг 50 тэрбум ам.долларын зээл олгожээ.  Үүний хариуд Венесуэл улс бэлэн мөнгөний оронд нефтийн нийлүүлэлтээр өрөө барагдуулж ирсэн юм.

Венесуэлийн хүнд төрлийн түүхий нефтийг боловсруулахад хүндрэлтэй байдгаас гадна бензин, дизель зэрэг нэмүү өртөг их шингэсэн түлш бага гаргадаг. Харин асфальт гэх мэт дайвар бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэж болдог онцлогтой. Гэхдээ энэ нь Хятад улсын хувьд тохиромжтой шийдэл байв.

Учир нь Хятад улсад томоохон дэд бүтэц, барилга бүтээн байгуулалтын үйл ажиллагаанаас үүдэн асфальтын эрэлт өндөр байдаг. Харин Венесуэлийн нефтийн экспорт нь шаардлагатай түүхий эдийг харьцангуй хямд үнээр хангах боломж олгож байжээ.

Харин одоогийн байдлаар АНУ Венесуэлийн газрын тосны салбарыг хяналтдаа авч болзошгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс Хятад улс өөр арга зам эрэлхийлж, ОХУ, Иран, эсвэл хэт хүнд төрлийн нефть олборлодог Канад зэрэг бусад худалдааны түншээс импортлох хэмжээгээ нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: (Vortexa) АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг (EIA), Visual Capitalist