Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто Glencore компанитай нэгдэж, дэлхийн хамгийн том уул уурхайн компани болно 

Ч. Сансар

Рио Тинто компани Glencore-ийг худалдан авах талаар хэлэлцээр хийж байгаа гэж компаниуд мэдэгдэв. Ингэснээр зах зээлийн нийт үнэлгээ нь бараг 207 тэрбум ам.долларт хүрэх дэлхийн хамгийн том уул уурхайн компани бий болох боломжтой. 

Дэлхийн уул уурхайн компаниуд эрчим хүчний шилжилт болон хиймэл оюун ухааны хөгжлөөс ашиг хүртэхийн тулд зэс зэрэг чухал металлуудын үйлдвэрлэлийг эрчимжүүлэхээр зэхэж байна. 

Рио Тинто болон Glencore компаниуд энэхүү түншлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Энэ нь хоёр компани жил гаруйн хугацаанд хоёр дахь удаагаа хэлэлцээ хийж байгаа явдал юм. Өмнө нь Glencore компани 2024 оны сүүлээр Рио Тинто компанитай хэлэлцээр хийх гэж хандсан боловч амжилтанд хүрээгүй. 

Компаниуд ярилцаж эхэлсэн гэсэн мэдээ гарсаны дараа АНУ-д Glencore-ийн хувьцаа 6%-иар өссөн. Харин Австралид Рио Тинто-гийн хувьцаа 6.3%-иар буурсан нь хөрөнгө оруулагчид уг хэлэлцээрт эргэлзэж байгааг харуулжээ. 

Рио Тинто бол дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн олборлогч бөгөөд зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 142 тэрбум ам.доллар юм. Glencore бол дэлхийн хамгийн том суурь металл үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд 65 тэрбум ам.долларын үнэлгээтэй. 

Дэлхийн улс орнууд цэвэр эрчим хүч рүү шилжиж, цахилгаан их ашигладаг хиймэл оюун ухааны дата төвүүд хөгжиж байгаатай холбогдуулан Рио Тинто болон Glencore компаниуд зэсийн салбарт улам их анхаарлаа хандуулж эхэлсэн. 

Дэлхийн зэсийн эрэлт 2040 он гэхэд 50%-иар өсөх төлөвтэй байгаа ч зэсийн дахин боловсруулалт, олборлолт нэмэгдэхгүй бол нийлүүлэлт жилд 10 сая гаруй тонноор дутах төлөвтэй байна гэж S&P Global зөвлөх компани пүрэв гарагт мэдэгдэв. 

Бүгд зэсийн салбарт орж байгаа тул Glencore нүүрсний бизнесээ цаашдаа яах вэ гэсэн гол асуулт үлдэж байна. Рио Тинто өөрийн нүүрсний бизнесээ 2018 онд Швейцарийн компанид худалдсан билээ. 

"Glencore Австралийн хувьцаа эзэмшигчдээс дэмжлэг авахын тулд нүүрсний бизнесээ зарах шаардлага гарна" гэж Рио Тинтод хөрөнгө оруулсан Wilson Asset Management компанийн менежер Жон Аюб хэллээ. 

Рио Тинто болон Glencore компаниуд 2025 оны сүүлээр хэлэлцээрийг дахин эхлүүлсэн гэж эх сурвалж мэдээлэв. 

2024 онд Glencore компани анх нэгдэх талаар ярилцаж эхэлснээс хойш Рио Тинто  маш их өөрчлөгдсөн. Тус компани Саймон Тротт хэмээх шинэ гүйцэтгэх захиралтай болсон. Glencore компани анх саналаа тавихад гүйцэтгэх захирал нь Якоб Стаусхолм байсан. 

Гүйцэтгэх захирал Саймон Тротт наймдугаар сард ажлаа авснаасаа хойш компанийн үр ашгийг дээшлүүлэх, чухал бус хөрөнгө, активаа худалдах чиглэлээр ажиллаж байна. 

reuters.com