
Ч.Сансар
Хиймэл оюун ухаан болон батлан хамгаалах салбарын өсөлтийн улмаас 2040 он гэхэд дэлхийд зэсийн эрэлт 50%-иар нэмэгдэнэ. Зэсийн олборлолт нэмэгдэхгүй бол нийлүүлэлт жилд 10 сая гаруй тонноор дутагдах төлөвтэй гэж “S&P Global” байгууллага пүрэв гарагт мэдэгдлээ.
Зэс хатуу боловч уян хатан чанартай, зэврэлтэд тэсвэртэй, дахин боловсруулагдах боломжтой бөгөөд маш сайн дулаан, цахилгаан дамжуулдаг металл юм. Зэсийг барилга, тээвэр, технологи, электроникийн салбарт өргөнөөр ашиглаж ирсэн.
Цахилгаан автомашины үйлдвэрлэл сүүлийн арван жилд зэсийн эрэлтийг нэмэгдүүлсэн бол дараагийн 14 жилд хиймэл оюун ухаан, батлан хамгаалах, робот техникийн салбарууд зэсийн эрэлтийг улам өсгөх болно гэж S&P тайландаа дурджээ.
Дэлхий даяар эрэлт хэрэгцээ 2040 он гэхэд жилд 42 сая тоннд хүрнэ. Энэ нь 2025 оны 28 сая тоннтой харьцуулахад асар их өсөлт юм. Нийлүүлэлтийн эх үүсвэр шинээр нэмэгдэхгүй бол эрэлтийн бараг дөрөвний нэг нь хангагдаж чадахгүй гэж тайланд дурджээ.
“Дэлхий эрчимтэй цахилгаанжиж байгаа нь эрэлт хэрэгцээнд ихээхэн нөлөөлж буй бөгөөд зэс бол цахилгаанжуулалтанд ашигладаг гол металл" гэж S&P-ийн дэд дарга Дан Ергин ярьжээ.
Мөн хиймэл оюун ухаан хөгжиж байгаа нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн жил 61 тэрбум ам.долларын үнэ бүхий 100 гаруй шинэ дата төв байгуулагдсан.
Украины дайн болон Япон, Герман болон бусад орнууд батлан хамгаалах салбарын зардлаа нэмэгдүүлэх бодлого барьж байгаа нь зэсийн эрэлтийг өсгөх магадлалтай гэж тайланд дурджээ.
Бараг бүх электрон төхөөрөмж зэс агуулдаг. Чили, Перу бол хамгийн том зэс үйлдвэрлэгчид, харин Хятад бол зэс хайлуулах үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. АНУ жил бүр хэрэгцээнийхээ тал хэсгийг импортолж байна.