
Монголын уул уурхайн үйлдвэрлэлийн түүхэн хөгжлийн нэгэн чухал хэсэг Өрөмдлөгийн салбарт 20 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн "Элгэн" ХХК нь өнгөрсөн хугацаанд техник, тоног төхөөрөмж нэвтрүүлээд зогсохгүй мэргэжилтэн боловсон хүчнийг дадлагажуулан хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж, тогтвортой харилцаа, итгэлцлээрээ салбартаа тэргүүлэгч компани болж чаджээ.
Өрөмдлөгийн технологи болон салбартаа мэргэшсэн хүний нөөцийн хөгжлийн удирдлага, ирээдүйн чиг хандлагыг амжилттай тодорхойлж байгаа тус компанийн удирдлагуудтай ярилцаж, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудынх талаар тодруулсан юм.

"Элгэн" ХХК-ийн Ерөнхий захирал У.ХҮРЭЛБААТАР: МОНГОЛД АНХ 600 МЕТРИЙН ГҮНТЭЙ ГЕОЛОГИЙН ЦООНОГИЙГ ӨРӨМДӨЖ БАЙЛАА
"Элгэн" ХХК 2005 оноос хойш 20 жилийн хугацаанд өрөмдлөгийн салбарт тогтвортой ажиллаж ирлээ. Тус компанийн түүхэн замнал, өнгөрсөн хугацаанд танай хамт олны хийж гүйцэтгэсэн бүтээлч ажлуудын талаар Та дэлгэрэнгүй танилцуулна уу?
Анх "Элгэн" хувиараа эрхлэх аж ахуйгаас компани болон өргөжиж, тэр цагаас эхлэн Монгол Улсын өрөмдлөгийн салбарт тууштай ажиллаж ирсэн. Уул уурхайн салбарын уналттай, өсөлттэй бүхий л цаг үеүдийг амжилттай туулж, тууштай байдлын үр дүнд улсынхаа тэргүүлэгч компаниудын нэг болж чадсан нь бидний хувьд амжилт юм. Нийт ажилчдын 80 гаруй хувь нь 10-аас дээш жил тасралтгүй компанидаа ажиллаж буй нь хамгийн бахдам явдал.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын уул уурхай эрчимтэй хөгжиж, эдийн засгийн тулгуур. экспортын орлогын дийлэнх хувийг бүрдүүлж байна. Орчин цагийн уул уурхайн салбарын хөгжлийн сүүлийн 20 жилийн түүхийн хуудсыг хамтдаа бүтээлцэж, өрөмдлөгийн салбартаа нэг хэсэг нь болж байгаадаа баяртай байна.
Өрөмдлөгийн салбарт тогтвортой ажиллахад нөлөөлсөн гол хүчин зүйл юу байв?
Бидэнд ямар ч сайн техник байлаа гээд, тухайн техникийг ажиллуулах, удирдах инженер, техникийн ажилчид хамгийн чухал. Компанийн эд эс болсон нийт ажилчид маань л тогтвортой үйл ажиллагааг хангах үндэс болдог. Өөрөөр хэлбэл, шороо ухахад хэдий хүрз байсан ч тэр хүрзийг барих хүн байхгүй бол ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тиймээс бид ажилчдынхаа итгэлийг алдахгүй, амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлж, харилцан ашигтай харилцааг бий болгож, ажилчдаа сэтгэл хангалуун, компанийнхаа төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх нөхцөл боломжоор хангахыг зорьдог.
Дээр дурдсанчлан, уул уурхайн салбарын уналтын үеүүдэд мөн цар тахлын үед бид ажилчдынхаа цалинг нэг сар ч таслалгүй, 100% олгож байсан.
Олон чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байгаа "Элгэн" ХХК-ийн салбартаа тэргүүлэх болсон гол давуу тал юу байна вэ?
Манай компани геологийн, гидрогеологийн болон тэсэлгээний өрөмдлөг зэрэг өрөмдлөгийн чиглэлийн бүх үйл ажиллагааг явуулдаг.
Монгол Улсад хамгийн анхны нүүрсний давхаргын метан хийн хайгуулын өрөмдлөгийг хийж байсан. Мөн Монголын компаниудаас хамгийн анх 500 мм диаметртэй, 600 метрийн гүнтэй гидрогеологийн цооногийг өрөмдсөн туршлагатай.
Үндэсний хэмжээний өрөмдлөгийн компаниудын дунд бид өөрсдийгөө тэргүүлэгч гэж үнэлдэг. Гэхдээ энэхүү тэргүүллийг олж авахын тулд олон жилийн туршлага, нөр их хөдөлмөр шаардлагатай байсан бөгөөд өнөөг хүртэл тууштай байдлаа хадгалж, үйл ажиллагаагаа бататгаж ирсэн нь бидний амжилтын үндэс юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчны чиглэлд сүүлийн жилүүдэд ямар бодит ахиц гарч байна вэ?
Ерөнхийдөө манай компани өрөмдлөгийн чиглэлээр гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд уурхайнууд дээр очиж шууд үйлчилгээ үзүүлдэг. Манай үндсэн кемп Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрладаг бөгөөд энэ жил бид ажилчдын байр, хооллох байр, чөлөөт цагаа өнгөрүүлэх фитнесс зэрэг байгууламжийг түр хугацаагаар сайжруулан тохижууллаа.
Ирэх жил буюу 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл бол 150-200 хүний багтаамжтай, орчин үеийн цогцолбор, ажилчдын байр байгуулна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах чиглэлээр бид өөрсдийн тусгай алба, хэлтсээр дамжуулан тогтмол хяналт тавьж ажилладаг.

"Элгэн" ХХК-ийн Өрмийн зөвлөх Ч.ЦОГТБАЯР: ӨРМИЙН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГАА НЬ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭС
Өрмийн үйл ажиллагааны амжилт, аюулгүй байдалд Таны хувийн туршлага хэрхэн нөлөөлж байна вэ?
Би өрмийн мэргэжил эзэмшсэн тул салбарын үйл ажиллагаанд хамгийн чухал зүйл юу болохыг сайн мэднэ. Өрөм ямар нэг эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллаж байж л өрмийн мастерууд сайн ажиллах боломжтой. Гүнд ямар технологиор өрөмдөх, ямар хүчин чадалтай мотор техник ашиглах, 1300 метрийн гүнийг хэрхэн үр дүнтэй өрөмдөх зэрэг бүх тооцоолол, зохион байгуулалтыг урьдчилан гаргадаг.
Тус компани өрмийн машин, тоног төхөөрөмж, авто парк шинэчлэх ажлуудыг тогтмол хийж байна. Энэ шинэчлэл үйлчилгээний чанарт хэрхэн нөлөөлж байна вэ?
Өрмийн шинэ машин, тоног төхөөрөмж суурилуулсан эхний үед эвдрэл гэмтэл харьцангуй бага гардаг нь ажилтнуудын хувьд ажлын ачааллыг хөнгөвчилдөг. Гэхдээ машины ашиглалтын хугацаа уртсах тусам эдгээр эвдрэл, гэмтлийг нарийвчлан хянах, шаардлагатай үед түргэн шуурхай засвар үйлчилгээ хийх нь чухал.
Мөн өрмийн мастер хүн тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг мэдэрч, шаардлагатай тохируулгыг цаг тухайд нь хийх чадвартай байх нь чухал. Энэ нь зөвхөн ажлын үр дүн, үйлчилгээг сайжруулахад нөлөөлөх төдийгүй ажиллах үеийн аюулгүй байдлыг хангах, гүнд өрөмдөх үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шууд нөлөөтэй.
Захиалагчдын сэтгэл ханамжийн баталгааг Та бүхэн хэрхэн бодитоор хэмжиж, сайжруулж байна вэ?
Манай компанид захиалагчийн сэтгэл ханамж нь өрмийн дээжний чанараас шууд хамаардаг. Жишээ нь, дээжний 95%-ийг шаардлагын дагуу бүрэн авсан тохиолдолд л захиалагч сэтгэл ханамжтай гэж үздэг. Учир нь өрмийн дээжид ердөө 5 см-ийн хэмжээтэй шороо ороход л нүүрсний дээжийн чанар алдагдаж, захиалагчийн дүгнэлтэд нөлөөлдөг.
Иймээс бид дээж авах үйл ажиллагаанд нарийвчлал, анхаарал тавих, техникийн бүх хэмжиж, шаардлагыг хангах замаар захиалагчийн сэтгэл ханамжийг тогтмол сайжруулдаг.

"Элгэн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т. ЕРЭНБААТАР: ӨРӨМДЛӨГИЙН САЛБАРТ ЧАДВАРТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХОМСДОЛ НҮҮРЛЭЭД БАЙНА
Тус компани олон улсын болон хамтран дотоодын уул уурхайн компаниудтай тогтвортой ажилладаг. Итгэлцэл дээр суурилсан энэхүү хамтын ажиллагааг цаашид хадгалах гол зарчим тань юу вэ?
Бидний хамгийн том үнэ цэн бол хүний нөөц ба ажиллах хүч юм. Тиймээс орлогынхоо 25-28%-ийг тогтмол хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, ажилчдаа хөгжүүлэхэд зарцуулдаг. Энэхүү хөрөнгө оруулалт нь зөвхөн ажилчдын ур чадварыг дээшлүүлэх төдийгүй компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, олон улсын болон дотоодын түншүүдтэй итгэлцэл дээр суурилсан урт хугацааны хамтын ажиллагааг бий болгоход шууд нөлөөлдөг.
Энэ зарчмын дагуу бид өдийг хүртэл тогтвор суурьшилтай, амжилттай ажиллаж, захиалагч, хамтрагчдынхаа итгэлийг алдалгүй явж ирсэн.
Ирэх жилүүдэд салбарын хөгжил ямар байна гэж Та харж байна вэ?
Хайгуулын болон өрөмдлөгийн салбар нь тодорхой хугацааны циклтэй байдаг. Жишээ нь, 2008-2012 онд хайгуулын цикл эрчимтэй үргэлжилж байсан бөгөөд тухайн үед Монголд бүртгэлтэй 256 компани үйл ажиллагаа явуулж байсан. Тэр үед нэг тууш метр өрөмдлөгийг 120 ам.долларын үнэлгээнд хүргэн хийдэг байсан. Харин одоо энэ үнэлгээ 100 ам.доллар ч хүрэхгүй, өсөлт огт байхгүй байгаа нь салбарын эрэлт сул байгааг харуулж байна.
Үүний үр дунд манай орны уул уурхайн салбарын өрөмдлөгийн ажлууд түр орхигдож, хөгжлийн боломж удааширч байна. Гэхдээ уурхайн гол үндэс нь хайгуулын өрөмдлөг бөгөөд зөвхөн өрөмдлөг хийгдсэнээс хойш л тэлэлт, олборлолт эдийн засгийн өсөлт бодитой явагдаж эхэлдэг Өөрөөр хэлбэл, салбарын ирээдүй нь өрөмдлөгийн идэвхтэй, чанартай үйл ажиллагаанаас шууд хамаарна.
Цаашид "Элгэн" ХХК аль чиглэлд илүү төвлөрөх вэ? Ямар зорилт дэвшүүлж ажиллах бол?
Монголын нөхцөлд хайгуулын салбарын цикл нь уналттай байна. Хайгуулын ажил дунджаар 4-5 жил үргэлжилдэг. Гэхдээ энэ нь зөвхөн Монголд төдийгүй АНУ болон бусад өндөр хөгжилтэй орнуудын хувьд ч ижилхэн. Дэлхий нийтэд хайгуулын өрөмдлөгийн хүний нөөц хомс байгаа. Үүний улмаас олон төсөл, төлөвлөгөө 2-3 жилээр хоцорч байгаа нь салбарын өсөлт хөгжилд нөлөөлж байна.
Нэг үгээр хэлбэл, өрөмдлөгийн салбарын операторууд бэлтгэгдээгүй байгаа нь томоохон сорилт юм. Томоохон өрөмдлөгийн компанийн өрөмдөгч нарын насжилт дунджаар 35 нас байгаа нь шинэ үеийн өрөмдөгч нарыг сургах, бэлтгэх, цус сэлбэх төдийгүй манай компанийн гол зорилт болж байна. Ирэх жилүүдэд "Элгэн" ХХК энэ чиглэлд онцгой анхаарч, өрөмдөгч нарыг сургаж, туршлагатай багийг бүрдүүлж, бэхжүүлэхэд идэвхийлэн ажиллах болно.
