Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Зэсийн зах зээлийн тойм: 2025 оны түүхэн өсөлт ба 2026 оны төлөв

Эх сурвалж: mitrade.com
Эх сурвалж: mitrade.com

О. Дөлгөөн 

Дэлхийн эдийн засгийн "амин судас" гэгддэг зэсийн зах зээлд 2025 он түүхэн өөрчлөлтүүд гарсан, онцгой жил болж өнгөрлөө. Лондоны Металлын Бирж (LME) дээр зэсийн ханш жилийн дотор 42 хувиар өссөн нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш бүртгэгдээгүй хамгийн өндөр үзүүлэлт болов. 2025 оны эхээр тонн тутамдаа 8,500 ам.доллар орчим байсан зэсийн үнэ тасралтгүй өссөөр, жилийн эцэст 12,500 ам.доллароос давж хаагдлаа. Энэ нь ердөө 12 сарын хугацаанд үнэ тонн тутамдаа 4,000 ам.доллароор буюу түүхэн өндөр дүнгээр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Энэхүү огцом өсөлтөд геополитик болон нийлүүлэлтийн гэнэтийн тасалдал голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 онд зэсийн импортод шинээр тариф тогтоож магадгүй гэсэн таамаглал зах зээлд хүчтэй нөлөөлөв. Арилжаачид татвар тогтоохоос өмнө амжиж 650,000 гаруй тонн зэсийг АНУ руу тээвэрлэн нөөцөлсөн нь дэлхийн бусад бүс нутагт нийлүүлэлтийн асар их хомсдол үүсгэж, үнэ өсөх гол шалтгаан боллоо.

Дэлхийн томоохон уурхайнуудад дараалсан гэнэтийн осол гарсан нь байдлыг бүр хүндрүүлсэн. Индонезийн Грасберг уурхайн осол, Конго улс дахь далд уурхайн үер болон Чилийн уурхайн хадны нуралт зэрэг нь нийлүүлэлтийн сүлжээнд хүчтэй цохилт өгсөн юм.

Хэдийгээр дэлхийн хамгийн том хэрэглэгч болох БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар сул хэвээр байгаа ч нийлүүлэлтийн энэхүү гэнэтийн хомсдол үнийг дээд цэгт нь хадгалах хөшүүрэг болж байна.

2026 оны төлөв ба урт хугацааны эрэлт

Goldman Sachs банкны шинжээчдийн тооцооллоор 2026 онд дэлхийн зах зээлд 500,000 тонн зэсийн цэвэр хомсдол үүсэх төлөвтэй байна. Энэ нь дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Чилийн "Escondida"-ийн хагас жилийн олборлолттой тэнцэхүйц асар их хэмжээ юм.

Алсыг харвал зэсийн эрэлт буурах биш, харин ч улам эрчээ авах төлөвтэй байна. Нарны хавтан, салхин сэнс, цахилгаан автомашин болон өдгөө дэлхий нийтийг байлдан дагуулж буй хиймэл оюун ухааны дата төвүүдийн өргөтгөл нь зэсийн "хязгааргүй" хэрэглээг бий болгож байна. Энэ онд зөвхөн хиймэл оюун ухааны дата төвүүдийн хэрэгцээнд зориулсан зэсийн нийт эрэлт 1.2 сая тоннд хүрэхээр байгаа нь 2024 онтой харьцуулахад энэ салбарын хэрэглээ 3 дахин өссөн үзүүлэлт юм. Шинжээчид 2035 он гэхэд зэсийн хэрэглээ одоогийнхоос 33 хувиар өсөх магадлалтай гэж үзэж байна. Энэхүү үзүүлэлт нь зэсийг ирээдүйн хамгийн үнэ цэнтэй стратегийн баялаг хэвээр үлдэх баталгаа болж байна.