Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Эрдэнэт үйлдвэр: 2026 оныг үйл ажиллагааны шинэ дээд үзүүлэлтүүдээр угтаж байна

Б.Төгс

“Эрдэнэт үйлдвэр” 2025 онд хэмнэлтийн бодлогын сацуу техник технологийн шинэчлэлийн хөрөнгө оруулалтыг тууштай авч хэрэгжүүлж ажилласны үр дүнд үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтийг дээд түвшинд хүргэсэн амжилт гаргалаа.

Улс эрх орны гол орлогыг бүрдүүлж ирсэн тус үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн онцлох үйл явдлуудын талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн уулзалтад оролцож (2025.12.25) танилцууллаа.

Нийт 40 сая тонн хүдэр боловсруулан баяжуулах хүчин чадалтай “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайд 2025 онд 47.1 сая тонн хүдэр уурхайгаас олборлосон байна. Баяжуулах үйлдвэрт 39.9 сая тонн хүдэр боловсруулж, нийт 574 мянган тонн зэсийн баяжмал /цэвэр металаар авч үзвэл 128.5 мян.тн зэс/, 5.3 мянган тонн молибденийн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргалаа. 2022 онтой харьцуулахад хүдэр олборлолт, боловсруулалтын хэмжээ 20-30%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ийнхүү олзворлолт, боловсруулалтыг өсгөж ажиллах нь уурхайн хүдрийн агуулга буурч буй үед баяжмал бүтээгдэхүүний хэмжээг бууруулалгүй нэг түвшинд барих суурь нөхцөл болохыг Г.Ёндон захирал тайлбарлалаа.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн борлуулалтын орлого 2025 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийт 4.6 их наяд төгрөгөөр хэмжигдэж, улс, орон нутгийн төсөвт 2.24 их наяд төгрөгийн орлого орууллаа. Үүнээс 1.2 тэрбум ам.долларыг Монголбанкинд төвлөрүүлжээ. Ингэснээр үйл ажиллагааны олборлолт, борлуулалт, валютын нөөц бүрдүүлэлтээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 47 жилийн түүхэнд дээд үзүүлэлтийг шинэчлэн тогтоолоо.

2025 оны хэмжээнд улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн нийт 2.24 их наяд төгрөгийг задалж авч үзвэл, АМНАТөлбөр 1.1 их наяд төгрөг, ААНОАТ 575 тэрбум төгрөг, ногдол ашиг 230 тэрбум төгрөгийг тус тус эзэлж байна. “Эрдэнэт үйлдвэр” нь 21.6%-иар АМНАТ төлдөг төдийгүй татвар, хураамжаар “Оюу толгой” компаниас давсан үзүүлэлттэй байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр” урт хугацааны өр төлбөргүйгээр ажиллаж байна.

2025 онд Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад бэлтгэх судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус ордод урьдчилсан дүнгээр 0.32%-ийн зэсийн агуулга бүхий 357 сая тонн хүдэрт 1.1 сая гаруй тонн зэсийн геологийн нөөцийг тогтоогоод байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр” цаашид 55 жил тогтвортой ашиглагдах геологийн нөөцтэй. Иймд үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж, шаардлагатай хөрөнгө оруулалтад анхаарч ажиллаж буйг Г.Ёндон захирал онцоллоо. Тухайлбал жилдээ нийт 12 сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай хам баяжуулалтын 2, 3 дугаар секцийн нийт 96 ширхэг Оросын хөвүүлэн баяжуулах хуучин машиныг АНУ-ын FLSmidth-ийн 22 ширхэг флотомашинаар шинэчлэн солилоо. Мөн баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн тавдугаар тээрмийг бүрэн шинэчилжээ. Үүний зэрэгцээ хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн томоохон төслийг эхлүүлээд байна. Мөн Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх, хаягдлын санг шинээр байгуулах зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй ажээ. Эдгээр ажил нь үйлдвэрийг урт хугацаанд найдвартай ажиллуулах нөхцөлийг хангах тухай Г.Ёндон захирал тэмдэглэлээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэсэн Үйлдвэр технологийн парк байгуулах бүтээн байгуулалтын ажлын хүрээнд дөрвөн дэд бүтцийн ажлыг хэрэгжүүлж буй юм. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” 68 сая ам.долларын санхүүжилтийг хариуцаж байгаа ажээ. 2025 онд үндсэн дөрвөн ажлаас хоёр нь буюу усан хангамж, төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж улсын комисс хүлээн авсан байна. Харин цахилгаан хангамжийн ажил 30%-тай байгаа бол автозамын дэд бүтцийн гүйцэтгэл 60%-д хүрлээ. Түүнчлэн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон зэс утас, кабелийн үйлдвэрийн ТЭЗҮ-ээ 2025 оны 8 дугаар сарын 13-нд ЭБМЗөвлөлөөр батлуулсан. Ингээд уг ТЭЗҮ шаардлагын дагуу зэс хайлуулах үйлдвэр байгуулах чиглэлээр 55 компанийг хамруулан нийт 90 гаруй байгууллага руу урилга хүргүүлээд байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайд 2025 оны бизнес төлөвлөгөөндөө зэсийн үнийг тонн тутамдаа 9486 ам.доллар байхаар тусгаж ажилласан. Гэхдээ 2025 оны эхний хагас жилд зэсийн дундаж үнэ бизнес төлөвлөгөөгөөр тогтоосон үнээс даруй 50 ам.доллароор доогуур байсан бөгөөд энэ хугацаанд үйлдвэрийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж ажилласны үр дүнд цэвэр ашиг, татварын гүйцэтгэл 123%-иар биелсэн үр дүнтэй гарсан байна. Дөнгөж 2025 оны есдүгээр сарын эхээр л анх удаа бизнес төлөвлөгөөнд тусгасанчлан 9486 ам.доллар/тонн-ын түвшинд зах зээлийн ханш хүрчээ.  

Зах зээлд зэсийн үнэ сүүлийн саруудад нэлээд өсөлттэй байгаа ч “Эрдэнэт үйлдвэр” ханшийн төлөвт харьцангуй “даруухан” байр суурьтай байгааг Г.Ёндон захирал дуулгалаа. Учир нь 2025 онд Чилийн El Teniente, БНАКонго дахь Kamoa Kakula, Индонезийн Grasberg зэрэг томоохон уурхайд осол гарсны улмаас 550 мянган тонн зэс нийлүүлэлтэд орохгүй болсны сацуу бусад хүчин зүйлийн улмаас үнэ нэлээд өссөн. Зах зээлд ийм зүйл маш ховор тохиолддог байна. Уг нь 2025 онд эсрэгээр зах зээлд 120 гаруй мянган тоннын нийлүүлэлтийн илүүдэлтэй байна гэсэн прогноз гарч байсан нь ийнхүү орвонгоороо эргэсэн үйл явдал болжээ. Гэвч зэсийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн таамаглалын талаар шинжээчдийн өгсөн зөвлөгөөгөөр бол ханш цаашид 12000 ам.доллар/тонн-оос буурах шинжтэй байгаа юм. Тиймээс 2026 оны зэсийн үнийг “Эрдэнэт үйлдвэр” бизнес төлөвлөгөөндөө 9653 ам.доллар байхаар тусгажээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэмжээнд 2026 онд хөрөнгө оруулалтын зардалдаа 776 тэрбум төгрөг төсөвлөхөөр тусгасан нь өмнөх онуудынхаас 40%-иар бага дүн юм. Учир нь зэс хайлуулах үйлдвэрийн мега төслийн санхүүжилтийн ачаалалд “Эрдэнэт үйлдвэр” бэлэн байх үүднээс ийн шийдвэрлэжээ.