Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Уурхайчдын баярын өдөр тохиож байна

Жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдөр Монголын уул уурхайн салбарын түүхэн бахархал болсон Уурхайчдын баярын өдөр тохиодог. Энэ жил тус баяр 103 дахь жилтэйгээ золгож, үе үеийн уурхайчдын хөдөлмөр зүтгэлийг эргэн дурсах, хүндэтгэн талархах онцгой өдөр болж байна.

Өнгөрсөн зуунаас эхтэй уул уурхайн салбар нь Монгол Улсын аж үйлдвэржилтийн суурь болж, эдийн засгийн өсөлт, бүс нутгийн хөгжил, шинэ хот суурин бий болоход үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Газрын хэвлийн баялгийг ард түмний өмч хэмээн үзэж, салбарын эхлэлийг тавьсан түүх өнөөдөр ч үнэ цэнээ алдалгүй үргэлжилж байна.

1957 онд Ардын Их Хурлын тэргүүлэгчид арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг албан ёсоор “Монголын уурхайчдын өдөр” болгон зарлаж, анхны Хөдөлмөрийн баатар Д.Даваажавт энэ өдөр олгосноор өнөөг хүртэл үе үеийн уурхайчдын баяр, хүндэтгэлийн өдөр болжээ.

Өнгөрсөн 103 жилийн хугацаанд Монголын уул уурхай нь улс орны аж үйлдвэржилт, эдийн засгийн хөгжилд голлох тулгуур болж, хувь нэмрээ оруулсаар ирсэн. Өнөөдөр ч салбар нь шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц, ашигт малтмалын боловсруулалт, хөрөнгө оруулалтын төслөөр идэвхтэй хөгжиж байна.

Өнөө цагийн уурхайчид маань уламжлалт хөдөлмөрийн үнэ цэнийг хадгалан, аюулгүй ажиллагаа, хариуцлагатай олборлолт, тогтвортой хөгжлийн зарчмыг эрхэмлэн ажиллаж, улс орны ирээдүйн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй нь бахархалтай.

Хүнд хүчир хөдөлмөр, мэдлэг ур чадвараараа Монгол Улсын хөгжлийн тулгуур болсоор ирсэн нийт уурхайчид, инженер техникийн ажилтнууд, салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан эрхмүүд та бүхэндээ The Mongolian Mining Journal редакцын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, ажил үйлс нь амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе!