Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Элгэн ХХК: Итгэл дээр боссон хорин жил

О. Дөлгөөн

Гүний хөрсөнд итгэл шингээж, хөдөлмөрөөрөө үнэт зүйлийг бүтээдэг салбарын нэгэн тод жишээ бол Элгэн ХХК. 2005 онд анхны өрмийн дуугаа Монголын хөрсөнд үлдээж байсан тус компани өдгөө геологи хайгуул, RC, тэсэлгээний, гүний худгийн болон технологийн дээжлэлт зэрэг олон чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж, салбартаа нэр хүнд, байр сууриа бататгасаар хорин жилийг ардаа үдлээ.

Хорин жилийн түүх нэгэн дор

Элгэн ХХК-ийн 20 жилийн ой, шинэ жилийн арга хэмжээ нь зүгээр нэг баяр ёслол бус, компанийн үүсэл хөгжил, туулсан замнал, ирээдүйн зорилгыг нэгэн дор зангидсан утга төгөлдөр уулзалт байлаа. Арга хэмжээний үеэр компанийн үүсгэн байгуулагч Т. Сүрэнжав гуайн амьдрал, ажил мэргэжлийн замнал Элгэн ХХК-ийн өнөөгийн төрхтэй салшгүй холбоотой болохыг онцлон дурдсан юм.

Багш мэргэжилтэй Т. Сүрэнжав гуай Ардын боловсролын яам, Хан-Уул дүүргийн захиргаа, 63 дугаар тусгай дунд сургуульд олон жил удирдах алба хашиж, 1990-ээд оны эхэн үеийн зах зээлийн шилжилтийн үед амьдралын бодит шаардлага, хөдөлмөрч сэтгэлгээний үндсэн дээр “Элгэн” нэртэй оёдлын чиглэлийн Хувийн эрхлэх аж ахуйг байгуулснаар өнөөгийн Элгэн ХХК-ийн суурийг тавьжээ.

2001–2005 онд Япон, Солонгосоос автомашины сэлбэг импортлон худалдаалж эхэлсэн нь техник, тоног төхөөрөмжийн зах зээлийг илүү ойроос ойлгох боломжийг бүрдүүлсэн бол 2005 онд Солонгос улсаас анхны өрмийн машинаа худалдан авч, өрөмдлөгийн салбарт албан ёсоор хөл тавьсан нь компанийн хөгжлийн дараагийн томоохон шат байв.

Хүн төвтэй бодлого — тогтвортой хөгжлийн үндэс

Элгэн ХХК-ийн Ерөнхий захирал У. Хүрэлбаатар: “Манай компанийн хамгийн том ололт амжилт хамт олны хичээл зүтгэл, харилцагчдын итгэл дээр тогтдог. Бидний ажилчид-бидний бахархал. Олон улсын болон дотоодын томоохон геологи, уул уурхайн компаниудтай тогтвортой хамтран ажиллаж ирсэн нь зах зээлд өөрийн байр суурийг баталгаажуулж салбартаа үндэсний тэргүүлэгч компани болоход чухал нөлөө үзүүлсэн.”

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл орчныг дээдэлсэн бодлого, 100 хувь монгол ажилчдаас бүрдсэн хамт олныг дэмжих зарчим Элгэн компанийн үйл ажиллагааны үндсэн суурь болохыг тодотголоо. Одоогоор 400 гаруй ажилтантай Элгэн ХХК-д ажиллагсдын 80 гаруй хувь нь 10-аас дээш жил тууштай ажиллаж байгаа нь компанийн тогтвортой байдал, ажилчдын ажилдаа ханддаг үнэнч сэтгэл, өндөр сэтгэл ханамжийг тодорхой харуулж байна.

Элгэн ХХК нь орчин үеийн техник, тоног төхөөрөмжид суурилсан өрөмдлөгийн үйлчилгээг захиалагчдадаа санал болгодог. Монгол, БНСУ-ын инженерүүдийн хамтын бүтээл болсон эдгээр өрмийн машинууд нь хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй шийдлийг хослуулснаараа онцлог.

Арга хэмжээ шинэ жилийн баярын уур амьсгалтай үргэлжилж, хамт олны эв нэгдэл, бахархлыг илтгэсэн урлагийн үзүүлбэр, дурсамжит мөчүүдээр дүүрэн байлаа. Энэ бүхэн Элгэн ХХК-ийн хорин жилийн түүх бол зөвхөн тоо биш, харин хамт олны сэтгэл, хөдөлмөр, итгэлийн илэрхийлэл гэдгийг сануулсан юм.

Эх орон, элгэн нутгийнхаа хөгжилд хөдөлмөр, итгэлээ зориулан тасралтгүй 20 жил зүтгэж ирсэн, Геологи хайгуул, өрөмдлөгийн салбарт үндэсний манлайлагч болсон Элгэн ХХК-ийн хамт олонд энэ түүхэн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэнд дэвшүүлье!