Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-ын дэргэдэх “Ховор металлын судалгааны төв” нээлтээ хийлээ

-Газрын ховор элемент болон ховор металлын хүдрийг баяжуулах технологийг хамтран судална-

    

Монгол Улсын болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Монгол–Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулах төсөл” 2023 онд эхэлж, бүрэн ашиглалтад орж (2025.12.12) нээлтээ хийлээ.

Төслийн гүйцэтгэгчээр Солонгосын Геологи, эрдэс баялгийн хүрээлэн (KIGAM)-ийн судалгааны баг болон Монголын талаас Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ хамтран ажиллаж, байгууламжийг бүрэн бэлтгэх ажлыг амжилттай хэрэгжүүллээ.

Тус судалгааны төвийг Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-ын дэргэд байгуулж, газрын ховор элемент болон ховор металлын хүдрийг баяжуулах технологийг хамтран судлах, Солонгосын дэвшилтэт баяжуулах технологийг нутагшуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хоёр орны аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, инновац, технологийн солилцоог дэмжих, судалгаа шинжилгээний шинэ боломжийг нээх өндөр ач холбогдолтой юм.

Нээлтийн үеэр салбарын сайд Г.Дамдинням "...Ховор металлын эрэлт хэрэгцээ эрчимтэй өсөж, геологи хайгуулын ажлыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа энэ цаг мөчтэй зэрэгцэн нээлтээ хийж байгаа судалгааны төвийн үйл ажиллагаа нь өндөр технологийн түүхий эдийн боловсруулалтын технологийг нутагшуулж, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлж байгаа БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам, Солонгосын дэвшилтэт технологийн хүрээлэн, Геошинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн, Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац, ИСАН консалтинг ХХК-ийн хамт олонд болон цаг ямагт дэмжин ажиллаж байгаа БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, яамны хамт олонд гүн талархал илэрхийлье. Ингээд Судалгааны төвийг хариуцлагатайгаар цаашид авч явах хүндтэй үүрэг Геологийн судалгаа-шинжилгээний төвийн хамт олонд ирж байна. 68 жилийн түүхтэй манай хамт олон энэхүү нэр төртэй үүргийг түүчээлэн авч явна гэдэгт салбарын сайдын зүгээс итгэл дүүрэн байна..." гэв.

Энэхүү судалгааны төв нь манай улсад анх удаа байгуулагдаж буйгаараа онцлогтой. Мөн хоёр улсын эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн ажлын үр дүнг өндөр түвшинд гаргах хүчин чадалтай сүүлийн үеийн тоног төхөөрөмж, олон улсын стандартад нийцсэн тохижилт бүхий лаборатори болон салбарын аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих төв байгуулагдаж байгаагаараа ач холбогдолтой юм.

 

Эх сурвалж: Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ