Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Төрийн хэт их зохицуулалт нь Австралийн уул уурхайн өрсөлдөх чадварт сөрөг нөлөө үзүүлж байна

Ч.Сансар

Уул уурхайн магнат Жина Райнхарт лхагва гарагт Австралийн уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар нь төрийн хэт их зохицуулалтын улмаас эрсдэлд орж байна гэж мэдэгдэв.

Райнхарт бол Австралийн дөрөв дэх том төмрийн хүдрийн компани болох Hancock Prospecting-ийн гүйцэтгэх захирал юм. Түүний компанийн ашиг орлого нь эрс өсөж, сүүлийн 15 жилд Райнхарт Австралийн шилдэг баячуудын жагсаалтад байнга ордог болсон.

Райнхартын хэлснээр Австралийн Эрдэс Баялгийн Зөвлөлийн (АЭБЗ) 2024 онд гаргасан тайланд уул уурхайн төслүүдийн 80% нь орхигдож, хэрэгждэггүй гэж тооцоолсон байна гэжээ. АЭБЗ-ийн мэдээлснээр, энэ нь уул уурхайн компаниудын өртөг зардлыг нэмэгдүүлсэн "засгийн газрын буруу бодлого"-оос хамааралтай гэсэн байна.

"Энэ бол Засгийн газрын буруу бодлогын улмаас үүссэн нөхцөл байдал. Засгийн газрын өндөр зардал нь Австралийн уул уурхайн салбарын ирээдүйг эрсдэлд оруулж, олон улсад өрсөлдөх чадварыг сулруулж байна" гэж Райнхарт мэдэгдэв.

Hancock Prospecting компани жилийн тайландаа хоёр шинэ төмрийн хүдрийн төслийг эхлүүлэх эцсийн зөвшөөрлийг хүлээж байгаагаа мэдэгдсэн. Райнхарт энэхүү асуудлыг өөрийн гол төсөл болох Roy Hill уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхэд тулгарч байсан бэрхшээлийн нэг жишээ болгон онцолжээ.

"Roy Hill бол аварга том төсөл байсан. Заримдаа бид энэ төслийг эхлүүлж чадахгүй байх гэж бодоход хүрч байлаа. Гэсэн хэдий ч бид төрийн олон мянган зөвшөөрөл, дүрэм журам, зохицуулалт, их хүнд суртлыг давж ажилласан" гэж тэрээр хэлэв. "HPPL (Hancock) компани 100 сая ам. доллар  аль хэдийн зарцуулсны дараа ч эдгээр саад тотгорууд гарч ирж байсан" гэжээ.

Аравдугаар сард BHP компанийн Австрали дахь салбарын дарга Жералдин Слаттери хэлэхдээ, хэрэв Австрали улс бусад улс орнуудтай өрсөлдөж, уул уурхайн хөрөнгө оруулалтыг татах гэж байгаа бол байгаль орчны зөвшөөрөл олгох журмуудаа шинэчлэж, хямд эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой гэжээ.

Райнхарт уул уурхай салбар нь Австралийн баялгийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглээд, өөрийнх нь эзэмшлийн Roy Hill уурхай сүүлийн 10 жилд нийт 12 тэрбум австрали доллар (8 тэрбум ам. доллар)-ын татвар, роялти төлж, Баруун Австрали мужийн компаниудад 15.4 тэрбум австрали долларын гэрээт ажил олгосон хэмээн онцолжээ.

Тэрээр өмнө нь Австрали улсыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бодлоготой төстэй бодлого хэрэгжүүлж, Засгийн газрын зардлаа танаж, батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлж, эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэхийг уриалж байжээ.

Өнгөрсөн сард Австрали улс Ногоон намтай  тохиролцсоны дараа байгаль орчны хуулиудаа бүрэн шинэчлэхээр тохиролцов.

Эх сурвалж: reuters.com