Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Зам, тээврийн яам нүүрс тээврийн компаниудыг шалгана

-Б.Дэлгэрсайхан: ЗТЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран нүүрс тээврийн компаниудыг шалгана-

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид (2025.12.10) “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Баярхүү, “Тээвэрчдийн зөвлөл”-ийн тэргүүн Н.Ялагдашгүй болон нүүрс тээвэрт хувиараа явдаг жолооч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Гашуунсухайт боомтод ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын аж ахуйн нэгж, компаниуд болон жолооч тээвэрчдийн нийгэм, эдийн засгийн амьдрал улам хүндэрч шийдэл хүлээсэн зарим асуудал үр дүн хүлээсэн хэвээрээ байгаа талаарх мэдээллийг сонсож, тээвэрчдийн тавьж буй шаардлагуудыг хэлэлцлээ.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗТЯ-ны удирдлагууд өмнө нь Гашуунсухайт боомт, “Цагаан хад” сууринд нүүрс тээвэрт явдаг жолооч нарын төлөөллийг хэд хэдэн удаа хүлээн авч уулзан тээвэрчдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, гарц шийдлийг хэлэлцэж байсан. Тэгвэл энэ удаа Зам тээврийн сайд тээвэрчдийн уулзалтад биечлэн оролцохоос гадна ЗТЯ-ны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал О.Батчулуун, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Уул уурхайн бодлогын газрын хэлтсийн дарга Б.Хулан, “Эрдэнэс Тавантолгой" ХК, Хил хамгаалах байгууллагын олон талт төлөөллийг оролцуулсан уулзалт хийлээ.   

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Тээвэрчдийн зүгээс тавьж буй шаардлага, тулгамдаж буй асуудалд ЗТЯ-д хамаарах болон эс хамаарах асуудал олон байгаа учраас энэхүү уулзалтад төрийн байгууллагын олон талт төлөөллийг оролцуулж, санал хүсэлтийг нь хамт сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр “Уулзалтын цаг”-ыг зохион байгуулсан” гэдгийг тодотголоо. 

Мөн Монгол Улсын үндсэн хуульд зааснаар иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, жагсаал цуглаан хийх эрхтэй. Жагсаал хийх тусгай журмыг хуулиар зохицуулсан байдаг. Гэхдээ Монгол Улсын хил дээр жагсаал цуглаан зохион байгуулах нь Монгол Улсын нэр хүнд, хилийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна энэ жагсаал цуглааныг хоёр улсын хил дээр зохион байгуулсан хэн боловч хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдалд орж болзошгүй гэдгийг хатуу анхаарууллаа. Энэ мэдээлэл нь УИХ-ын дарга, Засгийн газрын түвшинд хүрснийг сануулаад, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, ЦЕГ-аас холбогдох хүмүүст хяналт шалгалт хийх болсныг дуулгав.

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах жагсаал цуглааныг холбогдох газраас нь зөвшөөрөл авч бүртгүүлээд, үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй. Адилхан монгол хүмүүс эх орноо эхэлж бодох, амин хувийн асуудлаа хоёрдугаарт тавьж жагсах хэрэгтэй шүү гэдгийг албан ёсоор сануулав.

“Уулзалтын цаг”-аар жолооч тээвэрчдийн зүгээс тавьж буй шаардлагыг хэлэлцэж, ЗТЯ-наас шийдвэрлэх ажлуудыг холбогдох дарга нарт үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, Бичигт боомт дээр нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын үүрэг хариуцлага, жолооч тээвэрчдийн цалин хөлсийг цаг хугацаанд нь олгохгүй байх, жолооч нарын нийгмийн асуудлыг хүндрүүлж байгаа аж ахуйн нэгж, компаниудыг баримт нотолгоотой нь мэдээллийг нь ирүүлэх. ЗТЯамнаас үйл ажиллагааныхаа хүрээнд удаа дараа санал гомдол ирж буй аж ахуйн нэгж, компаниудад хариуцлага тооцох, тээвэрлэлтийн үйл ажиллагааг нь цуцлах арга хэмжээ авч ажиллахыг “Автотээврийн үндэсний төв”-ийн захирал Б.Гүрсоронзонд үүрэг болгов.

Жолооч нарын цалин хөлс, нийгмийн асуудлыг сайжруулахын тулд хилийн боомт дээр хонон өнжин дугаарлах, автомашиндаа хонох байдлыг халж, тав тухтай амрах боломж нөхцлийг хангаж ажиллахыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудад үүрэг болгож, ирэх хавар амрах байр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдээлэв. Мөн жолооч тээвэрчдийн цалин хөлсний зарим асуудал нь “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн дотоод асуудалд хамаарах учир энэ хуралд тус компанийн төлөөллийг оролцуулж байгаагаа хэлэв.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал О.Батчулуун холбогдох албаны хүмүүстэй саяхан нүүрс тээврийн жолооч нартай уулзалдсан. Нүүрс тээврийн жишиг үнэ тарифыг мэдэхгүй жолооч олон байсан. Тухайлбал, “Монголын төмөр зам” ТӨХК-иас нэг удаагийн тээврийг 1250 мянган төгрөг болгосон байхад 850 мянган төгрөг гэсэн ойлголттой явж байгаа жолооч цөөнгүй байна.  Хэрэв хувь компани, хэн нэгэн энэ тээврийн хөлснөөс дундаас нь авдаг, тээвэрчдийг хохироодог бол хувь жолооч нартай нь гэрээ хийж ажиллах чиглэл өгөв.

“Монголын төмөр зам” ТӨХК стандартын буюу 125 тонноор ачилтаа тооцож, бодит байдал дээр 134 тонноор ачилт хийж байна. Нэг удаагийн тээврийг 1311 мянган төгрөгөөр тооцоод явж байгаа гэдгийг тодотгов. Иймд 2026 оны босгон дээр жолооч нарт энэ мэтчилэн тодорхой ажлуудын талаарх бодит мэдээллийг өгөхөөр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням биечлэн очиж уулзалт хийнэ гэдгээ хэллээ. 

Хоёр улсын хил дээр ачаа тээврийн урт дараалал, хүлээгдэл чирэгдэл, түгжрэлийг шийдвэрлэхын тулд мөн энэ сарын сүүлчээр БНХАУ-ын Чайна Энержи нүүрс тээврийн компанитай уулзаж, тээврийн асуудлаар санал солилцож ирнэ. Зам, тээврийн сайдын хувьд үүрэгт ажлынхаа хүрээнд жолооч тээвэрчдийнхээ асуудлыг шийдвэрлэхийн тулд гарц шийдлээ ярилцаад, холбогдох арга хэмжээг аваад явж байгаагаа илэрхийллээ. 

“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн зүгээс уул уурхайн бүс дэх жолооч тээвэрчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд ариун цэврийн байгууламж барих зэрэг асуудлыг удирдлагууддаа уламжилна гэдгээ мэдээллээ. Оффтэйк гэрээний хувьд худалдан авагчидтай байгуулах гэрээнд худалдан авагч өөрөө уурхайн амнаас нүүрсээ ачиж явна гэсэн заалттай гэрээ хийдэг. Энэ жишгээр зургаан жил явж байна. Компанийн зүгээс худалдан авагчийг тэр энэ гэж сонгох боломжгүй. Биржийн тээврийн хувьд, компани хамгийн доод үнийг санал болгодог, бүх өрсөлдөөн цахимаар явагддаг. Одоогоор нийт 26 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүний 7 сая нь биржээр, 19 сая нь амны худалдан авагчдийнх байна. Амны худалдан авагчдын дундаж ханш одоогоор 21 ам.доллар, биржийнх 13 ам.доллар байна. Өөрөөр хэлбэл, 8 доллараар хямд худалдаж байна.  Худалдан авагчдийн гэрээ 2028 он хүртэл үргэлжилнэ гэсэн мэдээллийг өглөө. 

Тээвэрчдийн зүгээс хэлж буй шаардлагад худалдан авагчдад квот тогтоож, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагууд, жолооч тээвэрчдэд тогтмол тээвэр хийх боломжийг олгох, монгол тээвэрчдийг сул зогсохгүй байх тал дээр төрийн бодлого, холбогдох яамдын зохицуулалт хэрэгтэй байгааг дахин хэллээ.

Мөн зам ашигласны төлбөр олширсноос үүдэн хувиараа тээвэрт явж буй жолооч нарын гар дээр авах цалин хөлс улам багассаар байна. Энэ талаар холбогдох нотлох баримт, санал гомдол хангалттай байгааг жолооч нар хэлж байлаа. 

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс цаашид хүндрэлтэй байгаа асуудлыг нэг мөр шийдэх үүднээс Хууль зүй, дотоод хэргийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран ашиг сонирхлын зөрчилтэй байгаа аж ахуйн нэгж, байгууллага, Хятадын хөрөнгө оруулалттай гэгдэх монополь компаниудад хяналт шалгалтыг хийж, нүүрс тээврийг цэгцэнд нь оруулах, экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомт дээрх түгжрэлийг бууруулах ажлуудыг шат дараатай хийнэ гэдгээ хэллээ. 

Бичигт төдийгүй бүх боомт дээр монополь эрхтэй, давуу эрх эдлээд байгаа компаниудын талаарх мэдээлэл, нэрсийн жагсаалт зэрэг холбогдох мэдээллийг ЗТЯ болон Хууль зүйн яам руу илгээхийг АТҮТ-ийн даргад үүрэг болгов.

Цагаан хаднаас ачилт хийж буй 3000 орчим тээвэрчдийн төлөөлөл хувиараа тээвэрт явж буй жолооч Ч.Сандагдорж “Шилжүүлэн ачих терминал” буюу ШАТ дээр зарим асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаад талархаад ТАТ буюу Түр ачилт буулгалтын терминалын асуудалд адилхан анхаарч өгөхийг хүсэв. Мөн Цагаан хаднаас хил орох хооронд жолооч нарын рейс бүрээс зам ашигласны төлбөр авч байна. Жишээ нь, Оюутолгой орчмын 19 км шороон зам ашигласны төлбөр 160 мянган төгрөг авч байна, Заставын зам ашигласан гэж 20 мянган төгрөг авахаас эхлээд жолооч нараас авах татаас их байгааг хэллээ. 

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ЗТЯ-нд хамаардаггүй, улсад орлого нь ордоггүй энэ зам ашигласны төлбөрийг нягталж шалгаад, ЗТЯ-ны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасанд холбогдох арга хэмжээ авах, төлбөр хураамжийг цуцлахыг үүрэг болгов.

Эдгээр асуудлын шийдэл, гарц гаргалгаа, үр дүнг 2026 оны 01 дүгээр сарын 06-нд “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Баярхүү, “Тээвэрчдийн зөвлөл”-ийн тэргүүн Н. Ялагдашгүй болон нүүрс тээвэрт хувиараа явдаг жолооч нарын төлөөлөл Н.Нямчулуун, Батсайхан нарыг дахин хүлээн авч уулзаж ярилцахаар тохиролцов. 

 

 

Эх сурвалж: Зам, тээврийн яам