
Т.Бямбанаран
Дэлхийд байгалийн нөөцөөр тэргүүлэгч орнуудын нэг хүнд ногдох нөөцийн үнэлгээ хэдэн америк доллартой дүйцэх вэ? Энэхүү жагсаалтыг боловсруулахдаа байгалийн нөөцийн нийт үнэлгээгээр түүчээлдэг 10 улсын үзүүлэлтийг 2025 оны хүн амын тоотой харьцуулан гаргажээ. Тэрхүү нөөцийн үнэлгээг 2021 оны тооцоололд үндэслэсэн байна.
Саудын Араб нэг хүнд ногдох байгалийн нөөцөөр дэлхийд тэргүүлэв
Саудын Арабын нэг хүнд ногдох байгалийн нөөцийн үнэлгээ бараг нэг сая ам.долларт хүрч, энэхүү жагсаалтыг тэргүүлж байна. Тус улсын нефтийн арвин нөөц баялаг эдийн засгийнх нь үндсэн тулгуур хэвээр байгаа аж. Үүн дээр хүн амын харьцангуй бага нягтрал нөлөөлж, нэг хүнд ногдох үнэлгээг улам өсгөж буй юм. Нөөцөөр баян бусад оронтой харьцуулсан ч ялгаа нь нэн тод харагдана. Тухайлбал, Саудын Арабын нэг хүнд ногдох үзүүлэлт нь АНУ-ынхаас даруй 12 дахин өндөр байна.
Канад ба Австрали: Эрчим хүч ба ашигт малтмалын нөөцөөр хүч түрж байна
Канад болон Австрали улсууд жагсаалтын удаах байрт бичигдэж, нэг хүнд ногдох байгалийн нөөцийн үнэлгээ нь тус бүр 700 мянган ам.доллароос давжээ. Канадын байгалийн нөөцийн гол хэсгийг газрын тос, модон материал, ашигт малтмалын нөөц бүрдүүлдэг бол Австрали улсын хувьд төмрийн хүдэр, нүүрс болон байгалийн хийн экспортоороо давуу талтай. Энэхүү хоёр улс өргөн уудам газар нутагтай ч хүн амын тоо харьцангуй бага тул нэг хүнд ногдох нөөцийн үзүүлэлт нь өндөр байна.
Харин БНХАУ болон АНУ нь байгалийн нөөцийн нийт хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог ч хүн амын тоог харгалзан үзвэл нэг хүнд ногдох үзүүлэлтээр сүүл мушгихад хүрч байна. Хятад улсын хүн ам 1.4 тэрбум гаруй тул нэг хүнд ногдох үнэлгээ нь дөнгөж 16 мянган ам.доллар болж буурч байх жишээтэй. Мөн АНУ нийт 45 их наяд ам.долларын нөөцийн үнэлгээтэй хэдий ч хүн амын хэмжээнээс шалтгаалан нэг хүнд ногдох үзүүлэлт нь саармагжиж, наймдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа ажээ.
Эх сурвалж: Statista, Worldometer, Visual Capitalist