
Европын Холбоо (ЕХ)-ны Гүйцэтгэх захирал холбооны хэмжээнд Хятадаас чухал ашигт малтмалын хувьд хараат байдлаа бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулах гэж байна. Европын улс орнууд чухал ашигт малтмалын төлөө АНУ болон Азийн орнуудтай өрсөлдөж байгаа билээ.
"Аюулгүй байдал болон чухал ашигт малтмалын хувьд гуравдагч орнуудаас хамааралтай байгаа нь Европыг улам эмзэг болгож байна" гэж Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.
Бээжингийн зүгээс 10 дугаар сард барууны үйлдвэрлэгчдэд нэн шаардлагатай газрын ховор элементийн экспортыг хязгаарлана гэсэн мэдээ Европын автомашин, цэвэр эрчим хүч, хагас дамжуулагчийн салбарын тоглогчдод айдас төрүүлсэн.
Лхагва гарагт танилцуулах гэж буй Эдийн засгийн аюулгүй байдлын бодлого нь Европын аж үйлдвэрийн салбарыг илүү бие даасан болгох зорилготой. Мөн тус бодлогод чухал ашигт малтмалыг нийлүүлэх сүлжээг бэхжүүлэх “ResourceEU” хэмээх төлөвлөгөө багтаж байгаа ажээ.
Гэхдээ Европын Холбооны хувьд Бээжингээс хараат байдлаа бууруулах нь Оросын байгалийн хийнээс татгалзахаас илүү их хүндрэлтэй байх болно. Газрын ховор элементийг байгалийн хий шиг амархан орлуулах боломжгүй. Хятад улс хамгийн хямд үнэ ханшаар эдгээр түүхий эдийг нийлүүлдэг бөгөөд олборлолт, боловсруулалтын салбарын аль алинд нь ноёрхдог.
Европын Холбооны албан тушаалтнууд болон уул уурхайн салбарынхан Европын Холбоо өөрийн чухал ашигт малтмал, газрын ховор элементийн цоо шинэ салбар бий болгоход хөрөнгө оруулалт татах асуудалтай тулгарна гэж сануулж байна.
Европын Комиссын жагсаалтад орсон газрын ховор элемент, чухал ашигт малтмалын салбарт хэрэгжүүлэх 60 стратегийн төслийн хамгийн чухал 25-д нь тус холбооны төсвөөс 3 тэрбум еврог нэн даруй хуваарилах нь нэг шийдэл байж болох ажээ.
Гэхдээ урт хугацааны санхүүжилтыг хэрхэн татах нь асуудалтай хэвээр байна. Хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгөө нөхөхийн тулд бүтээгдэхүүнээ борлуулах хамгийн доод үнээ албан ёсоор баталгаажуулах эсвэл бусад баталгаа гаргуулах сонирхлоо Европын Холбоонд илэрхийлдэг.
Европын Холбоо нь Европын хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжилт авах болон Европын Холбооны Дэлхийд гарах гарц стратеги (Хятадын "Бүс ба зам" санаачилгатай ижил)-аас гуравдагч орнууд болон Европын Холбоонд ашигтай төслүүдэд хөрөнгө оруулахыг хүсч байна.