
Т.Бямбанаран
Дэлхийн эрчим хүчний салбарт орчин үеийн түүхэнд байгаагүй томоохон өөрчлөлт өрнөж байна. Эрчим хүчний хэрэглээ өссөөр байгаа ч тэрхүү хэрэглээг хангах эх үүсвэрийн бүтэц урьд өмнө байгаагүй хурдтай өөрчлөгдөж байгаа нь энэ юм.
Энэхүү график нь 2024 оноос 2050 он хүртэлх дэлхийн эрчим хүчний хангамж хэрхэн хувьсан өөрчлөгдөх, тэр дундаа эрчим хүчний ямар эх үүсвэрүүдийн нийлүүлэлт нэмэгдэж, ямар нь тогтвортой хэвээр үлдэж, аль нь буурах хандлагатай байгааг тод харуулж буй юм. Мөн 2024 оны бодит тоон мэдээлэл болон 2035, 2050 он хүртэлх таамаглалыг эрчим хүч, дулааныг хэмжих олон улсын нэгж эксажоуль (ЭЖ)-иар илэрхийлжээ.
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 2024 онд 83 эксажоуль байсан бол 2050 онд 233 эксажоульд хүрэх аж. Ингэснээр дэлхийн нийт эрчим хүчний хангамж дахь эзлэх хувь нь 13%-иас 31% хүртэл өснө гэсэн үг. Энэхүү өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь нар болон салхины эрчим хүч бөгөөд зөвхөн нарны эрчим хүчний үйлдвэрлэл дээрх хугацаанд бараг ес дахин нэмэгдэх төлөвтэй байна. Харин усны эрчим хүч удаан боловч тогтвортой нэмэгдсээр байна гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн “Дэлхийн эрчим хүчний төлөв 2025” тайланд мэдээлжээ.
Нүүрсний хэрэглээ бусад эх үүсвэрийг бодвол огцом буурах төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, 2024 онд 178 эксажоуль байснаас 2050 он гэхэд ердөө 95 эксажоуль болж багасна. Энэ нь улс орнууд бодлогын түвшинд нүүрсний станцуудыг үе шаттай халж, цэвэр эрчим хүчний технологид шилжих хүчин чармайлттай шууд холбоотой.
Цөмийн эрчим хүчний нийлүүлэлт 2024 онд 31 эксажоуль байсан бол 2050 он гэхэд 61 эксажоульд хүрч, хоёр дахин өссөнөөр дэлхийн суурь эрчим хүчний эх үүсвэрийн хувьд хэмжээний хувьд бага боловч тогтвортой байр сууриа хадгална.
Бүс нутгууд цэвэр эрчим хүчний тогтолцоонд шилжихийн хэрээр уламжлалт биомассыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх нь аажмаар буурах аж. Үүний зэрэгцээ газрын гүний дулаан болон биoэнерги зэрэг сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрийн эзлэх хувь мэдэгдэхүйц тэлэхээр байна.
Эх сурвалж:
Олон улсын эрчим хүчний агентлагийн “Дэлхийн эрчим хүчний төлөв 2025” тайлан, Visual Capitalist