Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дэлхийн хэмжээнд 348,375 тонн алтны нөөц байна

Т.Бямбанаран

Алтны үнэ 10 дугаар сард нэг трой унц нь 4,380 ам.долларын түүхэн дээд түвшинд хүрсэн ч хэсэг буурсан. Гэсэн ч он гарснаас хойш алтны ханш нийтдээ 50%-иас дээш өсөөд байгаа юм.

Дэлхийн алтны эрэлт өсөхөд геополитикийн хурцадмал байдал, ам.долларын ханш суларсан явдал, мөн инфляц зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. 2025 оны III улиралд төв банкнуудын алтны худалдан авалт өмнөх улирлаасаа 28%-иар өссөн бол алтаар баталгаажсан ETF сангуудын урсгал 26 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэхүү график нь “Дэлхийн алтны зөвлөл”-ийн мэдээлэлд үндэслэн дэлхий дээрх алтны нийт нөөцийг газрын хөрсөн дээрх болон доорх хэмжээтэй нь харьцуулан задлан харуулжээ.

Газрын хөрсөн дээрх болон доорх алтны нийт хэмжээ

2024 оны эцсийн байдлаар дэлхийн дахины олборлосон, газрын дээрх алтны нийт хэмжээ 216,265 тонн байсан байна. Нэг трой унц алтны үнэ 4,166 ам.доллар гэж тооцвол дэлхийн хэмжээнд олборлосон алтны нийт үнэлгээ 29 их наяд ам.долларт хүрэх юм байна.

Хараахан олборлоогүй, тодорхойлогдсон газрын доорх алтны ордуудыг нэмж тооцвол дэлхийн алтны нийт хэмжээ 348,375 тонн болно. Хэрвээ энэ бүх алтыг нэг бөмбөрцөг болгон цутгавал өндөр нь 107 фут болох аж. Үүнийг дүрсэлбэл, Цагаан ордны өмнө талд байрлах зүлгэн дээрээс АНУ-ын далбааны орой хүртэлх өндрийн хэмжээтэй тэнцэнэ гэсэн үг.

Дэлхийн хэмжээнд одоог хүртэл олборлоогүй, газрын хөрсөн доорх алтны нөөц ойролцоогоор 132,110 тонн бөгөөд энэ нь ашиглалтын баталгаат нөөц болон илрүүлсэн баялгийг хамруулдаг. 

Хэр их алт олборлогдоогүй үлдсэн бэ?

Дэлхийн алтны ихэнхийг аль хэдийн олборлочихсон тул одоогоор мэдэгдэж буй нийт алтны нөөцийн зөвхөн 38% нь л газрын хөрсөн доор нөөц, баялгийн хэлбэрээр үлдээд байна.

2024 оны байдлаар дэлхийн улс орнууд жилд дунджаар 3,661 тонн алт олборлож байгаа. Энэ хэмжээгээр тооцвол 40 хүрэхгүй жилийн хугацаанд олборлох боломжтой нөөц үлдсэн гэсэн үг.

Эх сурвалж: Дэлхийн алтны зөвлөл, Visual Capitalist