
Ч.Сансар
Ашиггүй ажилладаг нүүрсний станцууд, цахилгаан эрчим хүч болон байгалийн хийн үнэ ханшны тодорхой бус байдал, нүүрсхүчлийн хий ялгаруулах зөвшөөрлийн үнэ өртөг зэрэг олон хүчин зүйлээс хамааран Чехийн эрчим хүчний “Sev.en” компани 2027 оны 3-р сар гэхэд нүүрсний гурван цахилгаан станцаа хаах шийдвэр гаргалаа.
Чехийн эрчим хүчний хөрөнгө оруулагч, тэрбумтан Павел Тикачийн эзэмшдэг "Sev.en" компани Лхагва гарагт Почерады, Чвалетице, Кладно дахь нүүрсний цахилгаан станцуудын үйл ажиллагааг 2026 оны 12-р сараас 2027 оны 3-р сарын хооронд зогсоохоо мэдэгдлээ.
Гурван том цахилгаан станцыг хаасны улмаас нэг жилийн дараа 2.4 ГВт цахилгаан эрчим хүч нийлүүлж чадахгүй болно гэсэн үг. Чех улс 2033 он гэхэд бүх нүүрсний цахилгаан станцуудаа аажмаар хаах амлалт өгсөн аж.
Харин эдгээр гурван цахилгаан станц ашиггүй ажиллаж байгаа тул “Sev.en” компани үйл ажиллагаагаа эрт зогсоохоос өөр аргагүйд хүрч байна.
Одоогийн байдлаар дотоодын хүрэн нүүрс ашигладаг цахилгаан станцуудын хувьд ашигтай ажиллах боломж тун бага гэж “Sev.en” мэдэгдэлдээ дурджээ. Одоогийн цахилгааны үнэ ханш болон нүүрсхүчлийн хий ялгаруулах зөвшөөрөл худалдаж авах нь нүүрсний станцуудыг байнгын алдагдалтай ажиллахад хүргэж байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) тооцоолсноор өнгөрсөн жил Чехийн нийт эрчим хүчний нийлүүлэлтийн 25.3%-ийг нүүрс болон нүүрсний бүтээгдэхүүн, 25.1%-ийг газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнүүд эзэлжээ. 20.6%-ийг цөмийн эрчим хүч, 15.2%-ийг байгалийн хий эзэлж байна.
Эх сурвалж: oilprice.com