“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл олон улсын сонгон шалгаруулалтын дүнгээр Сүхбаатарын Мөнхсүхийг компанийн Гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргажээ. Тэрбээр 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлэх юм.
С.Мөнхсүх нь уул уурхай, иргэний нисэх, хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарт 25 гаруй жил ажилласан, олон улсад туршлагажсан мэргэжилтэн. Тэрбээр 2012 онд “Оюу толгой”-д ажиллаж эхэлснээс хойш стратегийн төслүүдэд оролцож, 2015 онд Рио Тинто группт шилжин оролцогч талуудын харилцаа, түншлэлийн бодлогыг удирдан ажилласан.
Гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө С.Мөнхсүх Рио Тинтогийн Ази, Номхон далайн бүсийн Өсөлт ба хөгжлийн захирлаар ажиллаж, бүс нутгийн зэсийн төслүүдийг өргөжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах компанийн санаачилгуудыг эрчимжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн. Түүний удирдлага дор Австралийн Вину зэс-алтны уурхайн төсөл эрчимтэй урагшилсан байна.
Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Шон Хинтон “Оюу толгой бүтээн байгуулалтаа дуусгаж, тогтвортой үйлдвэрлэлд шилжин хөгжлийн шинэ шат руу орж байна. Энэ чухал үед С.Мөнхсүхийн мэдлэг, туршлага нь компанийн үргэлжлэх амжилтыг баталгаажуулна” хэмээн онцлов.