Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ЭНЕРЖИ РЕСУРС БА ЧАЙНА ЭНЕРЖИ 2026 ОНЫ НҮҮРС ХУДАЛДААНЫ ХЭМЖЭЭ, ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙГ ТОГТООХ ЗАРЧМЫГ ТОХИРОЛЦОВ

/2025.11.10/ БНХАУ-ын Шанхай хотноо жил бүр зохион байгуулагддаг Олон улсын Импорт Экспо-д Энержи Ресурс ХХК-ийн Ерөнхийлөгч Д.Энхбат, Дэд Ерөнхийлөгч Т.Түвшинбаяр нар ахалсан төлөөлөгчид оролцлоо. Уламжлал ёсоор, БНХАУ-ын Чайна Энержи групп компанийн гадаад түншүүдийн арга хэмжээнд оролцож, хоёр талын урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны хүрээнд 2026 онд 4.9 сая тонн баяжуулсан коксжих нүүрс, 1.0 сая тонн баяжуулсан сул коксжих нүүрс-ийг зах зээлийн үнээр нийлүүлэхээр тохиролцон, дэд гэрээг албан ёсоор байгууллаа.

2018 онд Энержи Ресурс ХХК нь БНХАУ-ын Чайна Энержи нүүрс коксын компанитай нүүрсний худалдаа, тээвэрлэлтийн чиглэлээр хамтран ажиллах 10 жилийн стратегийн гэрээг байгуулж, хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлсон билээ.

Энэ хүрээнд БНХАУ-ын Ганцмод боомт дахь Чихэнг нүүрс солих, буулгах, гаалийн баталгаат агуулахын талбайг 2021 онд хоёр талын хөрөнгө оруулалтаар байгуулан ашиглалтад оруулсан. Энэхүү байгууламж нь чингэлэг буулгах талбай, таван нүүрсний ангартай бөгөөд орчин үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон, жилд 7.0 сая тонн нүүрс хүлээн авах хүчин чадалтай ажиллаж байна.

Талууд хамтын ажиллагааг өндөр ач холбогдолтой гэж үнэлж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд цаашид хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх боломжийг үргэлжлүүлэн судлахаар тохиролцов. Энэ жил эхлүүлсэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийг Чайна Энержи компани амжилттай хэрэгжүүлж дуусгаснаар хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ илүү өргөжих нөхцөл бүрдэх юм.

ЭНЕРЖИ РЕСУРС ХХК