
Монголын уул уурхайн хөгжил, хариуцлагатай олборлолтын үнэт зарчим, инновацын ирээдүйг харуулдаг Mongolia Mining үзэсгэлэн 15 жилийн ойтойгоо золгож байна. Тус үзэсгэлэнгийн санаачлагч, зохион байгуулагч "Майнэкс Монголиа" ХХК-ийн Ерөнхий захирал Т.Баттулгатай шинэ цагийн уул уурхайн салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлаа.
Mongolia Mining үзэсгэлэн анх ямар зорилгоор эхэлж байсан бэ?
2011 онд бид "Mongolia Mining" олон улсын үзэсгэлэнг санаачлахдаа Монголд олон улсын жишигт нийцсэн уул уурхайн мэргэжлийн үзэсгэлэнгийн соёлыг нутагшуулах, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байсан. Тухайн үед уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байсан ч, компаниуд, хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид, төрийн байгууллагуудыг нэг дор холбодог индэр байсангүй. Өнөөдөр 15 дахь жилдээ зохион байгуулагдах энэ арга хэмжээ нь бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй арга хэмжээ болж чадсан.
Та олон жил энэ үзэсгэлэнг удирдсан хүний хувьд-Монголын уул уурхайн чиг хандлага сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Сүүлийн 15 жилийн хугацаанд Монголын уул уурхайн чиг хандлага үндсээрээ өөрчлөгдсөн. Анх богино хугацаанд ашиг олох зорилго давамгайлдаг байсан бол одоо хариуцлагатай олборлолт, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, орон нутгийн хөгжил зэрэг тогтвортой хөгжлийн ойлголтууд гол байр суурь эзэлж байна. Инженерүүдийн ур чадвар дэлхийн түвшинд хүрсэн, компаниуд ESG болон НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодитоор хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол соёлын жинхэнэ хувьсал юм.
Гадаадын компаниуд Монголын уул уурхайг ямар өнцгөөс хардаг вэ?
Гадаадын уул уурхайн технологийн компаниуд Монгол Улсыг ирээдүйтэй, стратегийн ач холбогдол бүхий зах зээл гэж онцолдог. Дэлхийн уул уурхайн тоног төхөөрөмжийн гол брэндүүд Монголд орж ирсэн байна. Технологийн дэвшлээр дэлхийн хэмнэлээс хоцроогүй. Гэхдээ шинэ хайгуул, ордын нээлт хомс байгаа нь зах зээлийн тэлэлтийг хязгаарлаж байна.
Хөрөнгө оруулалтын итгэлийг урт хугацаанд хадгалахын тулд юу хамгийн чухал вэ?
Монголын геополитикийн байршил, эрдэс баялгийн нөөц нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг боловч Монгол улсыг өндөр эрсдэлтэй орон гэж үздэг хэвээр байгаа.
Хамгийн чухал гурван зүйл бий:
1. Тогтвортой, урьдчилан таамаглаж болох бодлого
2. Ил тод, шударга татвар ба лицензийн систем
3. Төр, хувийн хэвшил, орон нутгийн хамтын ажиллагаа
Эдгээр хүчин зүйлс нь зөв тэнцвэртэй байвал Монгол зөвхөн түүхий эд экспортлогч биш, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой.
2026 оны уриа юуг илэрхийлж байна вэ?
2026 онд бид Mongolia Mining үзэсгэлэнгийн 15 жилийн ойг "Mining the Future: Innovation and Sustainability" буюу "Ирээдүйг нээе-Инноваци, Тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэнэ. Энэхүү уриа нь өнгөрсөн хугацаанд бидний туулсан хөгжлийн замналыг дүгнэхийн зэрэгцээ ирээдүйн уул уурхай инновац, хариуцлагатай уул уурхайн стратегид тулгуурлах ёстой гэсэн үзэл санааг илэрхийлж байгаа юм. 2026 оны үзэсгэлэнд бид технологийн хувьсал, автоматжуулалт, цахилгаан хөдөлгүүрт тоног төхөөрөмж, ухаалаг уурхайн шийдлүүдийг онцолж, салбарын шинэ эринд хөтлөх зорилготой байна.
Монгол компаниуд “ногоон уурхай” чиглэлд хэр хурдтай урагшлав?
Маш бодитой ахиц гарсан. Томоохон компаниуд саарал ус дахин ашиглах, сэргээгдэх эрчим хүч хэрэглэх, нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагаа улам бүр сайжруулж байна. Мэдээж хийх зүйл их байгаа ч хандлага, ухамсар аль хэдийн өөрчлөгдсөн. Өмнө нь энэ бол “төрийн шаардлага" байсан бол одоо өрсөлдөх чадварын нөхцөл болжээ.
Энэхүү олон улсын арга хэмжээг жил бүр амжилттай удирдахад таны баримталдаг зарчим, итгэл үнэмшил юу байсан бэ?
Mongolia Mining-ийг би зүгээр нэг техникийн худалдааны арга хэмжээ гэж үздэггүй, харин Монголын уул уурхайн нэрийн хуудас гэж хардаг. Энэ ажлыг хийхдээ чанарыг тогтвортой хадгалах, тууштай байх, үнэ цэнийг бүтээх, итгэлцлийг бий болгох зарчмыг баримталдаг. Жил ирэх бүр үзэсгэлэнгийн нэр хүнд өсөж, Монголын компаниуд гадаадын томоохон тоглогчидтой эн тэнцүү өрсөлдөж байгааг хараад бахархдаг.
В2В уулзалтууд шинэ түвшинд гарч байна гэлээ. Өмнөх жилүүдээс юугаараа онцлог байна вэ?
В2В уулзалтуудыг илүү дижитал платформ дээр суурилуулж, оролцогчдын уулзалтыг урьдчилан товлох, профайл солилцох, үр дүнг хэмжих шинэ системийг нэвтрүүлнэ. Энэ нь үзэсгэлэнгийн үр өгөөжийг бодит бизнесийн хэлэлцээр, түншлэл болгон өргөжүүлэх шинэ түвшинд хүргэнэ.
Mongolia Mining 2026 үзэсгэлэнгийн олон улсын хамтын ажиллагааны талаар яривал?
Жил бүр гадаадын байгууллагуудын оролцоо өндөр байдгаас үзвэл энэ нь жинхэнэ утгаараа олон улсын арга хэмжээ гэж хэлж болно. Mongolia Mining 2026 арга хэмжээнд Австрали, Канад улсуудын Элчин сайдын яамд хамтран ажиллаж байна. Мөн манай үзэсгэлэнд бүс нутгийн болон дэлхийн уул уурхайн салбарт гол тоглогчид болох БНХАУ, Орос, АНУ зэрэг улсууд өргөн хүрээтэй оролцохоос гадна Герман, Их Британи, Энэтхэг, Турк, Беларусь, Австри, Финланд, Казакстан, БНСУ зэрэг 10 гаруй орны 100-гаад байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж оролцох юм.
Монгол Улс зэс, нүүрс, алт, газрын ховор элемент баялаг, уул зэрэг стратегийн бүтээгдэхүүнээр уурхай эдийн засгийн тэргүүлэх салбар байдаг нь гадаадын ханган нийлүүлэгчдийн сонирхлыг татдаг. Манай үзэсгэлэнд оролцсоноор тэд салбарын гол шийдвэр гаргагчидтай шууд холбогдож, шинэ харилцагч, борлуулалтын суваг, хамтын ажиллагааны боломжуудыг нээдэг. Мөн Монголын уул уурхайн салбарт техник, технологийн шинэчлэл, байгаль орчны инновац, дижитал шийдлийн эрэлт өсөж байгаа нь гадаад компаниудад зах зээлээ тэлэх таатай боломж олгодог. Энэ бүхэн манай үзэсгэлэн жилээс жилд өргөжин тэлж, олон улсын хэмжээнд нэр хүнд өсөж, шинэ түншлэл, шинэ итгэлцэл бий болж байгаагийн үр дүн.
Mongolia Mining-ын урт хараа, цаашдын алсын хугацааны зорилтоо хэрхэн тодорхойлж байна вэ?
Бидний урт хугацааны алсын хараа бол Mongolia Mining үзэсгэлэнг Зүүн болон Төв Азийн уул уурхайн технологийн нэг гол платформ болгон хөгжүүлэх. Үзэсгэлэнгээр хязгаарлагдахгүй жилийн туршид сургалт, хурал, инновацын форум, дижитал сүлжээ бүхий экосистемийг бий болгохыг зорьж байна. Эцсийн дүндээ Mongolia Mining үзэсгэлэн нь Монгол Улсыг эрдэс баялгийн нөөцтэй улс төдий биш харин тогтвортой, хариуцлагатай олборлолтоороо тэргүүлдэг улс болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, дэлхий дахинд таниулахыг зорьж байна.