БНХАУ-ын Тяньжинд болж буй “China Mining 2025” арга хэмжээний эхний өдөр “Mining in Mongolia” өдөрлөгийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, салбарын яам болон МУУҮАссоциаци хамтран "Оюут улаан" ХХК, "Эрдэнэс Монгол" нэгдлийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, ирээдүйн чиг хандлагыг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах зорилготой тус өдөрлөгт УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Геологийн хайгуул, уул уурхайн хяналтын газрын орлогч дарга Ниу Ли, салбарын яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа болон АМГТГ, “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Монголын Хөрөнгийн бирж, “Оюут улаан” ХХК-ийн төлөөлөл зэрэг төр, хувийн хэвшлийн удирдлага, хөрөнгө оруулагчид, салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн 150 гаруй оролцогч оролцлоо.
Монголын арга хэмжээг нээж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Геологийн хайгуул, уул уурхайн хяналтын газрын орлогч дарга Ниу Ли нар үг хэллээ. Салбарын яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр “Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого”, АМГТГ-ын Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга С.Түвшинбаяр “Монголын геологи, уул уурхай, газрын тосны салбарын өнөөгийн болон хэтийн төлөв”, "Эрдэнэс Монгол" нэгдлийн Чанар, бүтээмж хариуцсан менежер Д.Ядамжав “Эрдэнэс Монгол” нэгдэл ба хөрөнгө оруулалтын боломж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн танилцуулга, Монголын Хөрөнгийн Биржийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан “Уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулж авах нь” сэдвүүдийн хүрээнд танилцуулга хийж, оролцогчдод мэдээлэл өглөө.
Өдөрлөгийн үеэр Монгол, Хятадын уул уурхайн салбарын харилцааг бэхжүүлэх, бүс нутгийн хэмжээнд тогтвортой, хариуцлагатай хөгжлийг дэмжихэд хамтын ажиллагаа стратегийн чухал ач холбогдолтойг онцлов.
“China Mining 2025” арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас гадна Хятад-Араб, Африк, Саудын Араб, Иран, Казахстан, Балба, Мадагаскар зэрэг олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар танилцуулах арга хэмжээ зохион байгуулж байна.
Эх сурвалж: МУУҮАссоциаци