Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Роберт Фрийдланд: Дэлхийн эдийн засаг зэсийн хямралтай тулгарч байна

Роберт Фрийдланд

Ч.Сансар

Зэсийн эрэлт хорин жилийн дотор нийлүүлэлтээсээ давж, улмаар дэлхийн эдийн засаг түүхэнд байгаагүй сорилттой тулгарна гэж зэсийн салбар дахь туршлагатай хөрөнгө оруулагч Роберт Фрийдланд хэлэв.

Ирэх 18 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахын тулд сүүлийн 10,000 жилийн хугацаанд олборлосон зэстэй тэнцүү зэс олборлох шаардлага гарна гэж тэрбээр анхаарууллаа.

“Хорин жилийн турш бид эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай зэсийг хайж олоход хангалттай хөрөнгө оруулалт хийгээгүй" гэж Фрийдланд үзэж байна.

Зэс бол эдийн засгийн өсөлт, үндэсний аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Зэсийг эрчим хүчний салбараас эхлээд цэргийн техник хэрэгсэл үйлдвэрлэхэд ашигладаг. 2025 оны аравдугаар сарын байдлаар нэг фунт зэс нь 5 доллараас дээш буюу тонн нь ойролцоогоор 11,130 ам.доллараар арилжаалагдаж байгаа нь таван жилийн өмнөхөөс 55%-иар өссөн үзүүлэлт юм.

Үнэ хэдийгээр өсөж байгаа ч, олборлолтыг нэмэгдүүлэхэд хангалттай түвшинд хүрээгүй байна. Шинэ уурхайд хөрөнгө оруулах сонирхлыг төрүүлэхийн тулд нэг тонн зэсийн үнэ 15 мянган ам.долларт хүрэх ёстой гэж Фрийдланд үзэж байна. Тэрээр 2023 оны сүүлээр “Зэсийн үнэ 9 мянган доллар байвал хөрөнгө оруулагчид эрсдэл хүлээхэд бэлэн биш” гэж хэлж байсан.

Өсөн нэмэгдэж буй эрэлт ба хязгаарлагдмал нийлүүлэлт нь асуудал үүсгэж байна. S&P Global-ын мэдээлснээр өнөөгийн хэрэглээний түвшингээр тооцвол хүн төрөлхтөний түүхэнд олборлосон 700 сая орчим тонн зэсийг 2043 он гэхэд олборлож байж дэлхийн ДНБ жилийн 3.5%-ийн өсөлт үзүүлнэ.

Зэс нь эдийн засгаас гадна батлан ​​хамгаалахын салбарт стратегийн ач холбогдолтой . Тухайлбал, АНУ-ын арми 155 мм-ийн гаубицын сумны хомсдолтой тулгарч байгаа юм байна. "Хэрэв хэн нэгэн чам руу буу чиглүүлбэл хариуд нь буудахад чамд зэс хэрэгтэй" гэж тэр энэ оны эхээр хэлжээ.

АНУ-ын сүүлийн үеийн засгийн газрууд, ялангуяа одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа зэсийг дотоодын эх үүсвэрээс найдвартай нийлүүлэх шаардлагатай байгааг ойлгож байна гэж Фрийдланд мэдэгдсэн.

Зэсийн үнийн өсөлтийг хөрөнгө оруулагчид болон бодлого боловсруулагчид анхааралтай ажиглаж байгаа. Энэ байдал нь "дэлбэрэхэд бэлэн" болж байна гэж Фрийдланд хэлээд зэсийн эрэлт "үндсэндээ хязгааргүй" тул "танд заавал байх ёстой зүйлийг оновчтой үнэлэх арга байхгүй" гэж нэмж хэлэв.

Эх сурвалж: mining.com