-ҮГА: Хиймэл оюун ухаан нь геологичийг орлохгүй, зөвхөн туслах багаж хэрэгсэл болно-
Б.Төгс
Монгол улсад геологийн салбар үүсч хөгжсөний 86, геологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 65 жилийн ой, Монголын геологичдын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурал (2025.10.17) боллоо. Энэ удаагийн хурлыг Монгол Улсын Ардын багш, Төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор (ScD), профессор Ж.Лхамсүрэнгийн 90 насны ой, Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор Ж.Бямбын 85 насны ойд зориулан зохион байгууллаа.
Хуралд Монгол улсын эрдэс судлал, региональ геологийн анхдагчуудын тод төлөөлөл болсон эдгээр хоёр эрдэмтэн докторын сургалт, эрдэм шинжилгээний ажил, түүхүүдийг дэлгэрүүлэн танилцууллаа. Мөн геологийн боловсролын одоогийн болон цаашдын хийж хэрэгжүүлэх ажлын талаар ШУТИС-ийн ГУУС-ийн Геологийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Алтанзул, МУИС-ийн Геологи, геофизикийн тэнхимийн профессор, доктор Х.Уламбадрах нар илтгэл танилцууллаа. Түүнчлэн Эрдэнэтийн-Овоо ордын дэргэдэх Оюут ордын талбайн хүдрийн судалгаа, Литийн эрдэслэг бүрэлдэхүүний судалгаанд машин сургалт ашиглах нь, Монголын анхны дижитал хайгуулын платформын талаар болон бусад олон сонирхолтой сэдвээр эрдэмтэн геологич нар илтгэл танилцууллаа.
Хурлын эхэнд Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг “Өчигдөр-Геологи-Маргааш” сэдвээр илтгэл сонсгов. Тэрбээр геологийн судалгааны ажлуудыг цахим суурьтай болгохын чухлыг онцолсон юм. Тодруулбал ҮГА нь улсын нийт нутаг дэвсгэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй геологийн суурь судалгаанд бүрэн хамруулахыг гол зорьж ажиллаж байгаа юм. Ирээдүйн шинжлэх ухааны болон үйлдвэрлэлийн шинэлэг арга аргачлал, техник технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн суурь мэдээллийн баазыг шинэчлэн бэлтгэх, цахимжуулах ажлыг ид гүйцэтгэж байгаа ажээ. Түүнчлэн тэрбээр ерөнхий чиг хандлага хиймэл оюун ухаан, машин сургалт руу явж байгаа нөхцөлд хиймэл оюун ухаан нь хэн нэгнийг орлох асуудал байхгүй, гагцхүү сайн туслахын үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тодотголоо.
БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд Уул уурхай, ашигт малтмалын трест байгуулагдсанаар манай улсад геологийн салбарын түүх эхэлсэн гэж үздэг. Энэ жилийн тухайд дотооддоо геологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 65 жилийн ой тохиож буй бөгөөд харьцангуй богино хугацаанд бусад томоохон улс оронтой ижил түвшинд салбарын хөгжлийг хүргэж чадсан амжилтыг эрдэмтэд хурлаар онцолж байлаа.