Ч.Сансар
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд 2025 оны эхний хагаст дэлхийд анх удаа нүүрсний станцуудаас илүү их цахилгаан үйлдвэрлэжээ. Энэ нь голдуу Хятад, Энэтхэгт сэргээгдэх эрчим хүчний салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой гэж “Ember” судалгааны байгууллага тайландаа бичжээ.
Нүүрсний станцууд хийн түлшээр ажилладаг станцуудаас хоёр дахин их нүүрсхүчлийн хий ялгаруулдаг. Тиймээс нүүрсний хэрэглээг хязгаарлах нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ихэнх эрдэмтэд үздэг.
Салхи, нар зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд 1-6-р сарын хооронд дэлхий даяар 5072 ТВт/цаг цахилгаан үйлдвэрлэсэн бол нүүрсний станцууд 4896 ТВт/цаг цахилгаан үйлдвэрлэсэн гэж “Ember”-ийн тайланд дурджээ.
“Ember”-ийн цахилгаан эрчим хүчний ахлах шинжээч Малгожата Виатрос-Мотыка "Эрчим хүчний салбар эргэлтийн цэг дээр ирсэн байна. Нар, салхины эрчим хүч дэлхийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахуйц хурдацтай хөгжиж байна” гэж хэллээ.
Дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт 2025 оны эхний хагаст 2024 оны мөн үетэй харьцуулахад 2.6%-иар буюу 369 ТВтц-аар нэмэгджээ. Харин яг тэр хугацаанд нарны эрчим хүч 306 ТВтц, салхины эрчим хүчний үйлдвэрлэл 97 ТВтц-аар нэмэгдсэн нь эрчим хүчний эрэлт хэрэгцээний өсөлтийг бүрэн хангах боломж бүрдүүлсэн.
Сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд Хятад, Энэтхэг голлон нөлөөлсөн. Дэлхийн хамгийн том цахилгаан хэрэглэгч Хятад улс чулуужсан түлшний хэрэглээгээ 2%-иар бууруулж, нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл нь 43%, 16%-иар тус тус өссөн гэж “Ember” тайландаа бичжээ.
Энэтхэгт салхи, нарны эрчим хүч 29%, 31%-иар тус тус нэмэгдсэн нь тус улсад нүүрс, байгалийн хийн хэрэглээг 3.1% хувиар бууруулахад нөлөөлсөн.
АНУ болон Европын Холбоонд чулуужсан түлшээр ажилладаг станцуудын үйлдвэрлэл өссөн байна.
АНУ-д нүүрсний цахилгаан станцуудын үйлдвэрлэл 17%-иар нэмэгдсэн бол хийн түлшээр ажилладаг станцуудын үйлдвэрлэл 3.9%-иар буурсан. Харин Европт хийн түлшээр ажилладаг станцуудын үйлдвэрлэл 14%-иар, нүүрсний станцудын үйлдвэрлэл 1.1%-иар өссөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны эхээр нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, өнгөрсөн сард нүүрсний цахилгаан станцуудыг дэмжихээ амласан.
Эх сурвалж: reuters.com