Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ГЕГ: Нүүрсний экспорт есдүгээр сард 9 сая тонн давж дээд амжилт тогтоов

Б.Төгс

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, Монгол улсын нүүрсний экспортын хэмжээ оны эхний есөн сарын байдлаар 58.4 орчим сая тоннд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойролцоо түвшинд (1.3%-иар бага) байгаа юм.  Харин сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн есдүгээр сард улсын хэмжээнд 9 сая 34.8 мянган тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт болж байна.

Хэдийгээр биет хэмжээгээр нүүрсний экспорт өндөр үзүүлэлтийг харуулсан ч орлогын дүнгээр огцом бууралттай хэвээр байна. Тодруулбал энэ оны эхний есөн сарын хугацаанд нүүрсний экспортын орлого 3.93 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 41%-иар буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь зах зээлд нүүрсний ханш буурсантай холбоотой. Гэхдээ сүүлийн сард зах зээлд ханш тодорхой хэмжээгээр дээшлэх болсноор экспортын нүүрсний борлуулалтын ханш өссөн дүр зурагтай байна. Тухайлбал өнгөрсөн наймдугаар сард экспортын нүүрсний ханш тонн тутамдаа дунджаар 56.8 ам.доллар байсан бол есдүгээр сард уг үзүүлэлт 8%-иар өсч 61.3 ам.доллар боллоо.