Сүүлийн жилүүдэд АНУ-ын Засгийн газар стратегийн чухал салбарын зарим компаниудад томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь тухайн компаниудын хувьцааны ханшийг огцом өсгөсөн. Үүний улмаас хөрөнгө оруулагчид “Дараагийн хөрөнгө оруулалт ямар компанид очих бол?” хэмээн эрчимтэйгээр таамаглал дэвшүүлж эхэлжээ.
Тухайлбал
MP Materials Corp. –Газрын ховор металл олборлогч компанид 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр хувьцаа нь жилийн дүнгээр 376% өссөн.
Intel Corp. – Технологийн томоохон компани Intel-д 10 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, үүнийг 10%-ийг төрийн хувь эзэмшил болгосноор хувьцаа нь 2025 онд 82%-иар өссөн.
Lithium Americas Corp. – Батлан хамгаалах яамнаас 2.3 тэрбум ам.долларын зээл олгосны дараа хувьцаа 3 дахин (300%+) өссөн.
Засгийн газрын энэхүү “ирээдүйн баталгаа”-тай хөрөнгө оруулалтууд нь АНУ-д зэвсэг, хиймэл оюун ухаан, эрчим хүчний тоног төхөөрөмж зэрэг стратегийн бүтээгдэхүүнд шаардлагатай түүхий эдийг дотоодоос хангах зорилготой. Ерөнхийлөгч Дональд Трамп мөн үндэсний баялгийн сан байгуулж, тодорхой салбарын дотоодын компаниудыг системтэйгээр дэмжих санаачилга гаргасан.
Хэдхэн хоногийн дотор олон компанийн хувьцаа огцом өсч байна:
Critical Metals Corp. – Лити олборлогч тус компанид АНУ-ын Засгийн газар хөрөнгө оруулах гэж байгаа тухай цуурхлын дараа хувьцаа нь 109% өссөн ч, цагаан ордны үгүйсгэсний дараа 45%-ийн өсөлт дээр тогтсон. USA Rare Earth Inc. – Ижил шалтгаанаар хувьцаа нь өссөн. Trilogy Metals Inc. – АНУ-ын Засгийн газар тус компанийн 10%-ийн хувьцааг худалдан авна гэж зарласны дараа хувьцаа нь хоёр дахин өссөн.
TD Cowen компанийн шинжээч Дэвид Декелбаумын үзэж буйгаар, энэ нь COVID-19 цар тахлын үеийн "мийм хувьцаа"-ны давлагаатай төстэй. Хүмүүс мэдээлэл бүрийг алдалгүй даган хөрөнгө оруулж байгаа ч, Засгийн газрын дэмжлэг бодитой хэрэгжихгүй бол үнэ буцаж унах эрсдэл өндөр гэж анхааруулжээ.
Трампын стратеги нь зөвхөн дотоодын компаниудад чиглэж байгаа юм биш. Канад, Австралийн уул уурхайн компаниуд ч АНУ-ын агентлагуудтай уулзалт хийж буй талаар мэдээлэл гарчээ.
Хувьцааны энэ хөдөлгөөнөөс биржийн арилжааны сангууд (ETF) ч ихээхэн ашиг хүртэж байна. Жишээ нь:
Sprott Critical Minerals ETF – Наймдугаар сард түүхэн дээд хэмжээний хөрөнгө оруулалт татсан бөгөөд 20 сар дараалан хөрөнгө орж байгаа төдийгүй 2025 оны эхний есөн сард 77% өсөлттэй гарсан байна.
Sprott компанийн төлөөлөгч Стив Шоффсталл-ын хэлснээр, АНУ-ын Засгийн газар компаниудад шууд хөрөнгө оруулалт хийх нь “салбарыг дэмжинэ” гэх хоосон ярианаас илүү бодитой алхам болж, үйлдвэрлэл, дотоодын өсөлтөд хөшүүрэг өгч байна гэжээ.
Mining.com