Б.Төгс
Монгол Улсын Засгийн газрын 26 дугаар тогтоол (2025.07.09)-оор “Эрдэнэс Тавантолгой” компани дээр гурван сарын турш онцгой дэглэм тогтоосон хугацаа дуусгавар болж, уг ажлын үр дүнг Засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан (2025.10.08) байна. Ингээд “Эрдэнэс Тавантолгой” компани дээр томилсон Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн мэдээлэл хийлээ.
Онцгой дэглэмийн хугацаанд компанийн борлуулалтын хэмжээ оны эхний хагас жилтэй харьцуулахад сарын дунджаар 1.6 дахин, биржийн тээвэр 2 дахин, экспорт 1.3 дахин, орлого 1.3 дахин, олборлолт 1.2 дахин тус тус өссөн байна.
ЭТТ компанийн үйл ажиллагааны зарим үзүүлэлт (2025 он гарсаар) |
|
Олборлолт |
22 сая тн |
Борлуулалт |
18.6 сая тн |
Экспорт |
20 сая тн /үүний 4.4 сая тн нь биржийн/ |
Орлого |
1.17 тэрбум ам.доллар |
Татвар |
1.16 их наяд төг |
Онцгой дэглэм тогтоохоос өмнө буюу зургадугаар сард компанийн дансанд 90 сая ам.доллар орж ирсэн бол, дэглэмийн хугацаанд буюу долдугаар сард 127 сая ам.доллар, наймдугаар сард 167.5 сая ам.доллар, есдүгээр сард 219.5 сая ам.доллар, нийтдээ 513.8 сая ам.доллар орсон үзүүлэлт гарчээ.
Гашуунсухайт-Ганцмодны боомтоор өдрийн дундаж тээвэр зургадугаар сард 462, долдугаар сард 610, наймдугаар сард 752, есдүгээр сард 880 тээврийн хэрэгсэл болж нэмэгдсэн.
Онцгой дэглэмийн хугацаанд компани нийт 8.33 сая тонн нүүрс экспортолсны 6 сая тонн буюу 72% нь урт хугацаат гэрээний хүрээнд, үлдсэн 28% буюу 2.3 сая тоннын борлуулалтыг биржийн арилжааны хүрээнд хийжээ.
Биржийн борлуулалтыг онцгой анхааралдаа авч ажиллан, онцгой дэглэм тогтоосон хугацаанд нийт 120 удаагийн арилжааг Монголын хөрөнгийн биржээр (МХБ) дамжуулан зохион байгуулсны 79 нь буюу гуравны хоёр нь амжилттай болсон байна. Нийт 5 сая 939 мянган тонн нүүрсийг МХБ-ээр дамжуулан арилжаалж, үүнээс нийт 343.4 сая ам.доллар олжээ.
Биржийн зогссон гэгдэх 29 гэрээ байсан. Өндөр үнэтэй байхад нь нүүрс худалдаж аваад ачилт татан авалтаа Хятадын талын худалдан авагчид нь зогсоосон тэдгээр гэрээнүүдийн 22-ыг нь шийдвэрлэсэн байна. Тодруулбал тэдгээр гэрээний хүрээнд тодорхой хэлцлүүдийг хийсний үр дүнд 29 гэрээний 15 гэрээг шийдвэрлэсэн. 7 гэрээг байсан нөхцөлөөр нь үргэлжлүүлээд явж байгаа ажээ. Ингэхдээ улсад орж ирсэн гадаад валютаас буцааж гаргахгүй, гэрээний нөхцөлүүдийг тохирохдоо өмнөх буюу өндөр үнэтэй байх үеийн үнийг ашиглах, үлдэж байгаа төлбөр байвал шинэ арилжаанд орох зарчмаар ажиллажээ.
Уурхайн ачилтын тухайд, “Чайна Энержи” компанийн ачилт тав дахин өссөн байна. Урт хугацаат гэрээний буюу ам нөхцөлтэй дөрвөн гэрээний ачилт 30%-иар, биржийн гэрээний ачилт долоо дахин өслөө. Биржийн гэрээний экспорт зургадугаар сард 133 мянган тонн байсан бол есдүгээр сард 1 сая 82 мянган тонн болж 8.1 дахин өссөн байна. Есдүгээр сарын байдлаар компанийн нийт экспортын хэмжээ 3.2 сая тоннд хүрч, олборлолтын үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших 15 жилийн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Уурхайн ам нөхцөлтэй болон биржийн гэрээний экспортын харьцаа онцгой дэглэм тогтоох үед ам нөхцөлтэй нь 92%, биржийн гэрээний экспорт 8% байсан бол одоогийн байдлаар уг харьцаа 66%:34% болж өссөн байна. Энэ эрчмээр явбал цаашид оны эцэс гэхэд уг үзүүлэлт 55%:45% болж бараг тэнцүү хэмжээнд очих боломжтой ажээ.
БНХАУ-ын зах зээлийн гүн рүү нүүрсээ хүргэх ажлыг онцгой дэглэмийн хугацаанд нэгэн зорилт болгосон. МХБ-ээр дамжуулан Цаофэйдянь боомт руу баяжуулсан коксжих нүүрс хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг анх удаа зохион байгуулсан байна (2025.10.06). Ганцмод боомт дээр 100 орчим ам.доллар/тонн-оор зарагдах нүүрсийг тус эргийн боомт руу хүргэх нөхцөлтэйгээр арилжаалснаар 165 ам.доллар/тонн-ын үнэд хүргэж чаджээ. Уг алхам нь Хятадын зах зээлийн гүн рүү экспортлох, үүн дээрээ суурилаад гуравдагч орнууд руу экспорт хийх боломж бүрдсэнийг БЭТ-ийн багийн ахлагч У.Бямбасүрэн тэмдэглэлээ.
Борлуулах бүтээгдэхүүнээ чанарт нь суурилж, үнэ тогтоож ажилладаг болсныг тэрбээр мөн онцоллоо. Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” компани 1/3 коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсийг чанарынх нь хувьд ангилан борлуулж байгаа юм. 1/3 коксжих нүүрсийг үнслэгийн хэмжээнээс хамааруулан гурав, эрчим хүчний нүүрсийг илчлэгийнх нь хувьд гурав ангилан зарж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан есдүгээр сарын 27-нд Баруун Цанхи дээр хоёрдугаар ам нээж, тус амнаас олборлосон нүүрс нь үнслэгийн хувьд маш бага, байгалийн өгөгдөл өндөртэй, бараг угаасан нүүрсний үзүүлэлтэд дөхөж очихуйц (1/3 коксжих нүүрс) байгаа нь ихээхэн давуу тал болж байна. Тус амнаас олборлосон нүүрсийг (2025.10.06) МХБирж дээр дуудлага худалдаанд оруулахад тонн тутамдаа анхны дуудсан үнэ болох 92.6 ам.доллар/тонн-оос өсч 100.6 ам.доллар/тонн-оор борлуулагдсан байна. Одоогийн байдлаар Хятадын зах зээлд 1/3 коксжих нүүрсний дундаж ханш 57-72 ам.доллар/тонн-д хэлбэлзэж байгаа ажээ.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвтэй холбоотой ажил бараг дууссан бөгөөд цаашид компанийг нээлттэй хувьцаат компани болгох чиглэлд ажиллах юм байна. Компанийн 2026-2029 оны стратеги төлөвлөгөөг “Эрдэнэс Монгол” компанийн стратеги төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулаад байна.