Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

МАК: ТОГТВОРТОЙ, НОГООН ХӨГЖЛӨӨР ТЭРГҮҮЛНЭ

Б.Төгсбилэгт

Үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг МАК дээр ажил ид "буцалж" байна. Дийлэнх ажлууд тогтвортой хөгжилтэй холбоотой талаар саяхны болсон хурал дээр компанийн удирдлага бататгалаа. Компани хоёр жилийн өмнө ирэх 30 жилийн зорилтоо тодорхойлж, энэ хүрээнд ногоон хөгжил, ногоон эдийн засгийн бүтцийг бий болгохоор хөгжлийн бодлогодоо тусгасан байна. Нэг үгээр, уурхайнуудаа цахилгаанаар ажилладаг машин механизмаар хангаж, жолоочгүй, операторгүй, хиймэл оюун ухаанд суурилсан үйл ажиллагааг нэвтрүүлэхийг компани зорьж байна. Ногоон чиглэлд уул уурхайн компанийн сайн жишгийг МАК аль хэдийн тогтоогоод эхэлжээ. Tyc компани нийлбэр дүнгээр 50МВт-ын нарны станц болон 90 МВт.ц-ийн багтаамжтай цэнэг хуримтлуур бүхий станцыг байгуулж одоогийн үйл ажиллагааны хэрэглээг залгуулж байна. Энэ нь бид заавал гадаад улс орноос уул уурхайн ногоон жишгийн тухай сонсох биш, эх орондоо илүү ойроос үүний бодит биеллийг олж харах боломжтой болсныг харуулна.

Гэхдээ МАК-д цаашдын томоохон ажлуудад нь илүү их эрчим хүч шаардлагатай. Эдгээр үйл ажиллагаанд шаардагдах эрчим хүчийг тус компани 300МВт-ын нүүрсний цахилгаан станц байгуулан шийдвэрлэх юм байна. Томоохон ажлуудын заримаас дурдвал, жилд 250 мянган тонн метанол үйлдвэрлэх төслийн зураг төслийн ажлыг эхлүүлжээ. Эндээс гарах бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ашиглах юм. Түүнчлэн төслийн хоёр, гуравдугаар шатанд 304 мянган тонн устөрөгчийн түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалт бүхий энэхүү төсөл бодитоор хэрэгжсэнээр манай улсад нүүрс-химийн гэх аж үйлдвэрийн шинэ салбарын үндсийг тавих зураглал тодорч байна. Устөрөгчийн үйлдвэрлэл нь бидний бодож буйгаас хавьгүй нарийн төвөгтэй, өртөг зардал өндөртэй ажиллагаа шаардана. Иймд тус компани юун түрүүнд Монгол Улсын устөрөгчийн бодлогын баримт бичгийг боловсруулан салбарын сайдад хүргүүлжээ. Уг бодлогын баримт бичгийг компани дэлхийн 60 гаруй орны туршлагыг судалж боловсруулсныг одоо Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэн, УИХ-аар батлуулах ажил хүлээгдэж байна.

Түүнчлэн исэлдсэн хүдрээс цэвэр зэс үйлдвэрлэх, жилдээ 6000 тонн катодын зэс гаргах хүчин чадалтай (SXEW технологи бүхий) үйлдвэрийг компани энэ оны эцсээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн жилд 16 сая тонн хүдэр олборлон, баяжуулах Цагаансуваргын ил уурхай, баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтаа 2027 оны эхээр тус компани бүрэн дуусгах товтойгоор ажиллаж байна. Компанийн үйл ажиллагааны гол хэсэг болох нүүрс олборлолт, экспортыг цаашид нэмэгдүүлэн ажиллахаа мэдэгдлээ.

Тогтвортой хөгжлийн чиглэлд ажлууд эрчтэй урагшлан байгаа ч салбарын хууль эрх зүйн орчинд засаж сайжруулах асуудал байгаа талаар компанийн удирдлага байр сууриа хуваалцлаа. Энэ нь Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбогдоно. 2024 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн зохицуулалтаар Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан болон Хуримтлалын сан гэсэн 3 санд хөрөнгө төвлөрүүлэхээр болсон. Түүнчлэн энэхүү санг Засгийн газар удирдахаар тусгасан нь сангийн менежментийг улстөрийн хараат болгосон байна. Угтаа баялгийн сан нь "нэг цэг дээр төвлөрөх" учиртайн сацуу удирдлагыг олон улсын сайн жишгээр нээлттэй, шударга хуваарилалтын зарчмаар байгуулах ёстой ажээ.  “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир "Үндсэн хуульд заасан ард түмэнд өгөөж нь очих ёстой баялгийн сан ганцхан л байх ёстой" гэдгийг "Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил" арга хэмжээний үеэр танилцуулсан "МАК-ийн тогтвортой хөгжлийн бодлого, чиглэл" сэдэвт илтгэлдээ онцоллоо (2025.09.10). Баялгийн сан нь аливаа улстөрийн намын сонгуулийн зардал, төсвийн цоорхой, алдагдлыг нөхдөг хэрэглүүр, сонгуульд ялсан намын байгуулсан Засгийн газрын захиран зарцуулах эрх мэдлийн хүрээнд байж болохгүйг ийнхүү тэрбээр санууллаа. Өөрөөр хэлбэл бүгд баялгийн сангийн хуулийг дэмжиж буй ч, гагцхүү оновчтой эсэх талд асуулт, эргэлзээ бий. Баялгаас иргэд бодит өгөөж хүртэж чадахуйцаар баялгийн сангийн тогтолцоогоо боловсронгуй болговол тус санг тойрсон улстөржилт, хийрхэл үгүй болж эсрэгээр ард иргэд уул уурхайн салбараа зөв ойлгож дэмждэг болно гэж тэрбээр үзэж байна.

Нөгөөтээгүүр газрын хөрсөн дор байгаа баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хайгуулаас бүтээн байгуулалт хүртэлх шатанд оруулсан хөрөнгө, бүтээсэн бүхнийг улс үнэ төлбөргүй нийгэмчлэх, дайчлан авах, хураах талаар 2024 оны салбарын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хуульчилсныг засаж залруулах ёстойг тэр бээр онцоллоо.

Популизмын үр дүнд төслийн санхүүжилт нь бүхэлдээ зогсож, авсан зээлээ хугацаанаас нь өмнө банканд буцааж төлөх зэрэг олон бэрхшээлийг МАК нэгэнт амжилттай даван туулсны хойно ч Цагаансуваргыг тойрсон поп улстөржилт хүчтэй үргэлжилсэн хэвээр. Цагаансуваргын ордын төрийн эзэмшлийн хувь оролцооны талаар УИХ-аар шийдвэрлэж, ҮХЦэц хууль зөрчөөгүй талаар дүгнэлтээ гаргаж, Засгийн газар, компани хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажсан.

Тус орд "Эрдэнэт үйлдвэр"-ийн ордоос тав дахин, Оюутолгойн ордоос 27 дахин жижиг хэдий ч хүдрийн ил уурхай, баяжуулах үйлдвэрийн бүхий л технологийн шат дамжлагууд нь нэгэн адил болохыг компани мэдэгдлээ.

Энэ ордыг үндэсний компани хариуцан эдийн засгийн эргэлтэд оруулах нь цаашид "Монголчууд бид өөрсдөө бүтээн байгуулж, ашиглаж чаддаг юм шүү" гэсэн итгэл найдварыг Монгол залуустаа төрүүлэх нь дамжиггүй. Улмаар уул уурхайн боловсруулах үйлдвэрүүдээ өөрсдөө бүтээж босгон, ашигладаг чухал жишиг тогтоох үндсэн зорилготойг компани тодотголоо.

Салбарын хууль (4.1.12-д) дахь "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж томьёолсон тодорхойлолт нь өнөөгийн цаг үе, эдийн засгийн суурь ухагдахуунтай зөрчилдөж буйг мөн тэр бээр уламжиллаа. Тодруулбал уг заалтаар улсын ДНБ-ий таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг авч үзэхээр заасан. Гэвч хэдэн оны ДНБ-ээр тооцох, эдийн засгийн өсөлт бууралтаас хамаарсан ДНБ-ий өөрчлөлтийг хэрхэн тусгах, үргэлж хэлбэлздэг эрдсийн зах зээлийн ямар үнэ ханшийг харьцуулах зэрэг асуудал тодорхойгүй байна. Ингэснээр стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах эсвэл хасах зэрэг асуудал нь ч тодорхойгүй болж ирнэ. "Стратегийн ач холбогдол бүхий" гэх ойлголт зөвхөн Монголд байдаг бол дэлхийн уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт малтмал гэсэн ойлголт явж буйг тэр бээр тайлбарлалаа. Иймд манай улс цаашид хуульд "Стратегийн ач холбогдол бүхий орд" гэсэн заалтыг олон улсад мөрдөж буй жишиг шалгуураар тодорхойлон томьёолж, дэлхий дахины хөгжил, улс орнуудын үзэл баримтлал, чиг хандлагатай уялдуулах байдлаар нэршил агуулгыг нь өөрчлөх шаардлагатай байгаа ажээ.

Эдгээр бүх асуудал нь тухайн уул уурхайн төслийн төрд, ард түмэнд оногдох өгөөжтэй холбогдон урган гарсан байдаг. Тиймээс цаашид манай улс олон улсын жишигт нийцүүлэн төслийн өгөөжийн хувь хэмжээг тодорхой хуульчлах нь зүйтэй гэсэн саналыг тэр бээр дэвшүүлсэн юм.

Мэдээж энэ нь уул уурхайг тойрсон популизм, нийгмийн талцал, эдийн засгийн тогтворгүй байдал зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй.

Тодорхойгүй, тогтворгүй байдал нь уул уурхайн төслийн үйл ажиллагаанд ноцтой нөлөөлдгийн нэг жишээгээр АМНАТ (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-ийн асуудлыг нэрлэж болно. 

Уг нь Ашигт малтмалын тухай хуулиар (47.2.3-д зааснаар) АМНАТ-ийг гэрээний үнээр тооцохоор заасан ч Засгийн газрын тогтоолоор баталсан жишиг үнийн журам өнөөдөр хуулиас даван үйлчилж байгаа нь үнэн. Энэхүү тогтолцоо нь мэдээж төрд ашигтай, компаниудад ашиггүй. Гэвч энэ асуудлаар сүүлийн 15 жилийн хугацаанд Засгийн газрын тогтоол шийдвэр 8 удаа буюу 2 жил тутамд нэг удаа өөрчлөгджээ. Тогтворгүй байдал хэрхэн үүсэж байгаа нь эндээс илт. Ийнхүү нүүрсний АМНАТ-ийг гэрээний үнээр бус, жишиг үнээр тооцдог энэхүү тогтолцооноос шалтгаалан уурхайн өртөг зардал нэмэгдэж, улмаар хариуцлагатай уул уурхайн зарчим, хэмнэл алдагдах болжээ. Тухайлбал уурхайд хаягдал бохирдол үүсэх, сорчлон олборлох асуудал түгээмэл болж, үнэ цэнгүй хуримтлал бүхий овоолго бий болох зэрэг олон сөрөг асуудал бий болж байна.

Манай улс уул уурхайн салбараа түшиглэж хөгжихөөр хөгжлийн гарцаа тодорхойлсон. Гэхдээ үүний тулд салбарын тогтвортой хөгжлийн үйл явцад саад болж буй хүчин зүйлсийг төр засаг, хувийн хэвшил хамтран шийдвэрлэх, хөгжилд хүрэх оновчтой арга замаа зөв тодорхойлох, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг эрх зүйн хүрээнд бүрдүүлэх, олон нийтийн эерэг хандлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг компанийн удирдлага онцоллоо.