Засгийн газрын ээлжит хуралдаанаар нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болгохоор (2025.10.08) шийдвэрлэлээ.
“Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тус тогтоолоор, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулсан Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичиг, мөн Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанд танилцуулсан “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт барих болон нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичгийг ил болгов.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих болон нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний төсөл, ерөнхий нөхцөлийн талаар болон уг асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, БНХАУ-ын “Чайна Энержи” компани хооронд хийсэн яриа хэлэлцээтэй холбогдох албаны нууцад хамаарах баримт бичгийг ил болгох асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн нарт тус тус даалгалаа.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бусад хуулийн этгээдтэй 2020-2022 онд “Нүүрс нийлүүлэх гэрээ”-ний хүрээнд байгуулсан нийт 32 гэрээ, тэдгээрт холбогдох мэдээллийг компанийн цахим хуудаст нээлттэй байршуулж, иргэд, олон нийтэд танилцуулах, цаашид байгалийн баялаг, бүтээн байгуулалттай холбоотой гэрээ хэлэлцээрийг ард түмний хяналтад ил тод, нээлттэй зохион байгуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.
Эдийн засгаа сэргээх, нүүрсний тээвэр, экспорт, борлуулалтыг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган хэрэгжүүлэх, засаглал, удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлагыг чангатгах, аливаа ашиг сонирхлын зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас 2025 оны долдугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан.
Засгийн газраас өгсөн үүргийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг амжилттай хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, салбар хоорондын уялдааг хангаж “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдлээ. Иймд тус компанийн гүйцэтгэх захирлыг хууль, тогтоомжийн хүрээнд ил тод, шударга зарчмаар сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, томилж ажиллуулах талаар зохих арга хэмжээ авахыг "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтод даалгалаа.
Эх сурвалж: Засгийн газрын ХМОНХГазар