Т.Бямбанаран
Дэлхийн банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эдийн засгийн тойм” тайлангийн 2025 оны 10 дугаар сарын дугаарын хэвлэлийн хурал өнөөдөр /2025.10.07/ боллоо. Уг хуралд Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Ахлах эдийн засагч Аадитя Маттуу оролцож, илтгэл хэлэлцүүллээ.
Дэлхийн банкны энэхүү тайланд дурдсанаар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байгаа ч аажмаар саарч байна.
Зүүн Ази, Номхон далайн бүсийн Ахлах эдийн засагч Аадитя Маттуу хэлэхдээ 2025 онд эдийн засгийн өсөлт өмнөх оныг бодвол буурах төлөвтэй бөгөөд ирэх онд ч энэ хандлага үргэлжлэхээр байгааг онцолсон юм.
Тэрээр, “Эдийн засгийн өсөлт тогтвортой хэвээр байгаа ч хурдаа алдаж эхэллээ. Бүс нутаг худалдааны зөрчил, дэлхийн эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдал болон хөгжингүй орнуудын эрэлт буурснаас үүдэх дарамтыг илүү гүнзгий мэдэрч байна” хэмээн илтгэлийнхээ үеэр онцлов.
Эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлж буй гурван хүчин зүйл
Дэлхийн банкны тайланд дурдсанаар Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлт буурахад гурван гол хүчин зүйл нөлөөлж байгаа аж. Тодруулбал, худалдааны хязгаарлалт нэмэгдсэн, эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдал өссөн, мөн дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан явдал юм.
Гэвч уг бүс нутаг өөрийгөө гадаад орчны нөлөөлөлд автагдсан “золиос” гэж үзэх ёсгүй. Харин улс орнууд дотоод бодлогын оновчтой шийдвэрээр дамжуулан урт хугацааны тогтвортой хөгжлийн замыг өөрсдөө бий болгох боломжтой гэдгийг тодотголоо.
Худалдааны бодлогоос үүсэх дарамт нэмэгдэж байна
Зүүн Ази, Номхон далайн бүсийн гол худалдааны түншүүдийн нэг болох АНУ худалдааны тарифыг нэмэгдүүлж, ихэвчлэн харилцан үйлчлэх буюу “reciprocal” шинжтэй тарифыг ноогдуулаад буй. Үүний үр дүнд энэхүү бүс нутгийн олон улс оны эхэн үетэй харьцуулахад илүү өндөр тарифын дарамтад өртөөд байна.
Дэлхийн банкны тайланд дурдсанаар бүс нутгийн эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлж буй чухал хүчин зүйл бол дотоодын зах зээл дэх хамгаалалтын бодлого хэвээр байгаатай холбоотой. Олон улс бараа болон үйлчилгээний салбарт тарифын бус саадыг хадгалсаар байгаа нь зах зээлийн өрсөлдөөн, шинэчлэлийг боомилж байна. Эдгээр хязгаарлалтыг арилгавал тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих боломжтой гэж тэрээр илтгэлдээ дурдав.
Бодлогын тодорхойгүй байдал хөрөнгө оруулалт, ажлын байрыг бууруулж байна
Бүс нутгийн өмнө тулгараад буй хоёр дахь томоохон сорилт бол дэлхийн эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдал. Дэлхий дахины хэмжээнд худалдааны бодлогын хүрээнд тодорхойгүй байдал өндөр хэвээр байна. Үүний үр дүнд компаниуд шинэ хөрөнгө оруулалт хийхээс болгоомжилж, бизнесийн шийдвэрүүдээ хойшлуулахад хүрч байгаа юм. Ингэснээр хөрөнгө оруулалт болон ажлын байр нэмэгдэхэд сөргөөр нөлөөлж байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч буй нь бүс нутгийн эдийн засагт ихээхэн нөлөөлж байна. Зүүн Ази, Номхон далайн бүс нь санхүүгийн интеграцид эртнээс нэгдэж, дэлхий нийтийг хамарсан худалдаа, аялал жуулчлалын салбарт идэвхтэй оролцсоор ирсэн тул дэлхийн макро эдийн засгийн өөрчлөлтөд тун өртөмтгий.
Дэлхийн банкны шинжилгээгээр Долоогийн бүлгийн (G7) орнууд буюу АНУ, Канад, Франц, Герман, Итали, Япон болон Их британийн эдийн засаг нэг хувиар саарахад түүнийг дагаад Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудын өсөлт ойролцоогоор 0.6%-иар буурдаг болох нь тогтоогджээ.