Т.Бямбанаран
Монголын уул уурхайн салбарын нэгдсэн том арга хэмжээ болох “Уул уурхайн 7 хоног-2025 (Mining Week & MinePro)" олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалтад БНХАУ болон Канадын Уул уурхайн ассоциациуд оролцсон нь Монголын уул уурхайн салбарын олон улсын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ. Тухайлбал, БНХАУ нь энэхүү арга хэмжээнд "Focus Country" буюу "Онцлох улс" болж оролцсоноороо шинэлэг байв.
Энэ хүрээнд бид БНХАУ-ын Уул уурхайн ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга Че Чанботой уулзаж, уул уурхайн салбарын Өнөөгийн хандлага, тулгамдсан асуудал болон Монгол-Хятадын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
БНХАУ-ын Уул уурхайн ассоциацийн үндсэн зорилго, чиглэл нь юу вэ?
Че Чанбо: Манай холбоо 1990 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэрээр байгуулагдсан. Үйл ажиллагаа нь 3 үндсэн чиглэлд төвлөрдөг. Нэгдүгээрт, уул уурхайн компаниудад үйлчлэх, хоёрдугаарт, төрийн байгууллагад үйлчлэх, гуравдугаарт, нийгэмд үйлчлэх явдал юм.
Бидний гол үүрэг нь компаниудын санал, шаардлагыг төрд хүргэхийн зэрэгцээ төрөөс гаргасан хууль тогтоомж, бодлого шийдвэрийг салбарын компаниудад танилцуулах, дэвшилтэт технологи, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, дотоодын болон олон улсын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэдэг.
Мөн бид жил бүр “China International Mining Conference" буюу China Mining-2025 Хятадын уул уурхайн олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд энэ жил 27 дахь удаагаа 10 дугаар сарын 23-25-нд Тяньжин хотноо болно.
ХХI зуунд уул уурхайн салбарт ямар ямар өөрчлөлт гарч байна вэ?
Че Чанбо: XXI зуун гарснаар дэлхийн уул уурхайн салбар хөгжлийн шинэ шатанд шилжлээ. Нэгдүгээрт, уул уурхайн олборлолт ба экологийн тогтвортой байдлын хоорондын тэнцвэрийг хангах шаардлага шинэ нэмэгдсэн. Хоёрдугаарт, шинэ технологи,шинэ салбаруудын үүсэл, аж үйлдвэрийн хувьсгалын хурдацтай хөгжлийн улмаас малтмал стратегийн ач холбогдолтой нөөцөд хамаарагдан тодорхойлогдох болсон.
Дэлхийн дахинаа хүлэмжийн хийг багасгах Парисын уур амьсгалын хэлэлцээрийн зорилтууд болон цэвэр эрчим хүчний шилжилттэй уялдан, лити, кобальт, никель, зэс, манган, цайр, газрын ховор элемент зэрэг чухал ашигт малтмал дэлхийн анхаарлын төвд орлоо.
Хятадын уул уурхайн салбарт чиглэлээр ямар ахиц дэвшил гарав?
Че Чанбо: БНХАУ-ын Засгийн газар ногоон хайгуул, ногоон уурхай, экосистемийн нөхөн сэргээлтийг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж байна.Өнөөдөр манай улсын олон уурхай талбайгаа цэцэрлэгжүүлж, шинжлэх ухаанд суурилсан арга барил нэвтрүүлж буй нь байгаль орчинтой илүү зохицож байгаагийн нотолгоо юм. Энэ бол салбарын асар том дэвшил.
Бид үүнийг стандарт, дүрэм журамд нийцүүлэн нэгтгэж улмаар ашиг малтмалын нөөцийн тухай хуульд тусган, эрх зүйн зохицуулалтаар баталгаажуулсан. Иймээс өнөөдөр Хятадын уул уурхайг харахад өмнөх дүр төрхөөсөө огт өөр, шинэ шатанд гарсан гэдгийг хэн ч анзаарах болно.
Харин ямар бэрхшээл, сорилтуудтай тулгарч байна вэ?
Че Чанбо: Гол сорилт нь компаниуд зардлаа бууруулахын зэрэгцээ ногоон уурхай байгуулах явцдаа өмнөх үнэт зүйл, менежментийн хандлагаа өөрчилж, шинэ нөхцөлд дасан зохицож, тогтвортой байдлаа сайжруулах шаардлагатай болж буйд оршиж байна.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай улсын уул уурхайн компаниудын тоо 100 мянга гаруй байснаа 60 мянга болж буурсан нь энэ салбарт өрсөлдөөн нэмэгдэж, илүү чадварлаг, тогтвортой уурхайнууд л үлдэж байгааг харуулж буй хэрэг.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай байгуулсан хамтын ажиллагаа ямар түвшинд өрнөж байна вэ?
Че Чанбо: Манай хоёр тал 2024 онд анх удаа хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэхүү түншлэл амжилттай урагшилж байна.
Цаашид бид харилцан сонирхсон асуудлаар илүү бодитой, гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр орны уул уурхайн салбарт чухал хувь нэмэр оруулна гэдэг туйлын итгэлтэй байна.
Ази дахь Хятадын уул уурхайн хөрөнгө оруулалтын онцлог юу вэ?
Че Чанбо: Хятадын уул уурхайн компаниудын гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа 1980-аад оноос эхэлсэн бөгөөд эрчимжсэн. Энэ 2000-аад хугацаанд тэдний үйл ажиллагааны цар хүрээ болон хөрөнгө оруулалтын хэмжээ тогтмол нэмэгдсээр ирснийг илэрхийлж байгаа юм.
Хөрөнгө оруулалт хийсэн хамгийн том бүс нь Африк тив бөгөөд дараа нь Өмнөд Америк, Канад, Австрали, Төв Европ, АСЕАН-ын 10 орон болон Монгол Улс багтаж байна. Өөрөөр хэлбэл, Хятадын уул уурхайн компаниудын үйл ажиллагаа бараг дэлхий дахиныг хамарч байна гэхэд хилсдэхгүй.
Энэхүү үйл ажиллагаа уул уурхайн аль салбар руу илүү чиглэж байна вэ?
Че Чанбо: Геологийн судалгаа, хайгуул, олборлолтоос эхлээд ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах, хайлуулах хүртэл бүхэл бүтэн үйлдвэрлэлийн сүлжээг хамарч байна.
Мөн уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийн экспорт эрчимтэй өрнөж, Хятадын банкууд 150 орчим улсад салбартай болж, үйл ажиллагаа явуулж байгаа нь хөрөнгө оруулалтын чухал тулгуур болж байна.
Хятадын газрын тосны компаниуд өнөөдөр дэлхийн тавцанд үйл ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж, дэлхийн улс орнуудын нефть, байгалийн хий, нүүрсний олборлолтын ойролцоогоор 70%-ийг хамарч байна. Тэдний хилийн чанад дахь үйл ажиллагаа нь зөвхөн өрөмдлөгөөр хязгаарлагдахгүй бөгөөд газрын тосыг олборлох, боловсруулах, тээвэрлэх болон холбогдох дэд бүтцийн цогц бүтээн байгуулалтыг бүхэлд нь хамардаг.