Т.Бямбанаран
“MiningWeek & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтын үеэр Австралийн Күинсландын их сургуулийн Тогтвортой уул уурхайн хүрээлэнгийн судлаач Д.Бямбажав “Уул уурхай, орон нутгийн харилцаанд итгэлцэл ба түншлэлийг хөгжүүлэх боломж” сэдвээр илтгэл тавьсан юм.
Уул уурхайн салбарын хөгжлийн амин чухал нэг хэсэг нь орон нутгийн иргэдтэй харилцах харилцаа юм. Хайгуулын шатнаас эхлэн уурхайн хаалт хүртэл төслийн бүх үе шатанд компаниуд орон нутагтай шууд харилцах шаардлага үүсдэг. Газар нутаг, бэлчээр, соёлын өв, үнэт зүйлс, хүний эрх, ажил эрхлэлт, дэд бүтэц зэрэг сэдвүүд нь зөвхөн эдийн засгийн бус, нийгмийн гүн утга агуулгатай. Иймээс уул уурхай ба орон нутгийн хоорондын харилцаа нь зөвхөн компани иргэдийн хоорондын асуудал бус, нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай уялддаг.
Зарим үед энэ харилцаа харьцангуй зөрчил багатай мэт харагдаж болох ч шударга, хариуцлагатай удирдан чиглүүлэх нь салбарын ирээдүйд асар чухал ач холбогдолтой. Үүний тулд системтэй хандлага, дата мэдээлэлд суурилсан удирдлага, зохион байгуулалт хэрэгтэйг олон улсын болон Монголын туршлага харуулж байна.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт “Social Performance” буюу “Нийгмийн хариуцлага” хэмээх ойлголт өргөн хэрэглэгдэх болсон. Энэ нь компанийн орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа, хариуцлагын тогтолцоог бүхэлд нь хамарсан цогц ойлголт. Нийгмийн хариуцлагыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд 4 чухал хүчин зүйл бий. Үүнд:
1. Уул уурхайн бизнесийн онцлогийг гүнзгий ойлгодог мэргэжилтнүүдтэй байх;
2. Нийгмийн асуудлыг мэргэжлийн түвшинд шийдвэрлэх ур чадвартай хүний нөөц бүрдүүлэх;
3. Маргааныг шийдвэрлэхдээ нийгмийн шинжлэх ухааны арга зүйг ашиглах;
4. Орон нутгийн харилцааг хариуцагчид бизнесийн шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх чадвартай байх.
Эдгээр хүчин зүйлсийг бүрдүүлснээр ойлголцол, итгэлцэл бий болж, төслийн эерэг нөлөөлөл нэмэгдэхийн зэрэгцээ сөрөг үр дагаврыг зөв удирдах боломж бүрдэнэ.
Олон улсын шалгуур, үнэлгээ
Олон улсын Уул уурхай болон Металлын зөвлөл (ICMM) уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг “Maturity Index” буюу тухайн уул уурхайн компанийн төлөвлөлтийн индексээр үнэлдэг. Үүний хүрээнд компанийн орон нутгийн харилцааны чадамжийг дараах 4 түвшинд ангилдаг. Тодруулбал:
Эдгээр түвшнийг тодорхойлох гол шалгуур нь компанийн удирдлагын түвшинд орон нутгийн хөгжлийн асуудлыг хүлээн зөвшөөрч, шаардлагатай нөөц, хөрөнгө оруулалтаар хангаж буй эсэхэд оршино.
Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлага нэмэгдэж байна
Өнөөгийн дэлхий дахины нөхцөл байдалтай уялдаад уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлага өндөрсөж байна. Сүүлийн үеийн жишээнээс үзвэл, Австрали улсын ашигт малтмалын нөөцийн үнэлгээний “JORC” стандартад Байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) үзүүлэлтүүдийг тусгасан нь компаниудын хариуцлага нэмэгдсэний нэгэн жишээ юм. Монгол Улсад ч олон улсын чиг хандлага нэвтэрч байна. 2023 онд “Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журам”-ыг шинэчилж, нийгэмд үзүүлэх нөлөөллийг бүрэн хамруулсан. Мөн “TSM” буюу “Тогтвортой уул уурхайн төлөө” (ТУУТ) стандартыг хэрэгжүүлэхээр болоод байна.
Иргэдийн хүлээлт ч өсжээ. Ил тод, хариуцлагатай үйл ажиллагаа, хамтын үнэ цэнийг бий болгох шаардлага улам бүр эрчимжиж, үүнийг дагаад гомдол маргаан гарах нь зайлшгүй.
Харин орчин үеийн технологиор дамжуулан санал, гомдлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон тул компаниуд урьд урьдынхаас илүү хариуцлагатай ажиллах шаардлагатай.
Нөгөө талаар, уур амьсгалын өөрчлөлт ноцтой сорилт болж байна.
1940 оноос хойш манай улсын жилийн дундаж агаарын температур 2.4°C-ээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Бэлчээрийн 70 гаруй хувь доройтож, цөлжилт газар авч байна. Тиймээс уул уурхайн төслүүд уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны хүчин зүйлсийг нухацтай тооцох шаардлагатай болсон.
Чадамжийг бэхжүүлэх түншлэл
Эдгээр сорилтыг даван туулахын тулд Монгол Улсын уул уурхайн салбарт орон нутгийн харилцааны мэргэжлийн чадамжийг хөгжүүлэх түншлэл байгуулагдсан. Энэ хамтын ажиллагаанд Күинсландын их сургуулийн Тогтвортой уул уурхайн хүрээлэн, “Оюу толгой” ХХК, МУУҮА, үндэсний их сургуулиуд, мэргэжлийн байгууллагууд оролцож байна.
Төслийн хүрээнд мэргэжлийн суурь сургалт, чадамжийн судалгаа, хамтын ажиллагаа гэсэн 3 чиглэлээр ажиллаж байна. Бид 79 компанийг хамруулсан судалгаа хийж, дараах үр дүнд хүрсэн. Компаниудын 40% нь орон нутгийн харилцаа хариуцсан мэргэжилтэнтэй, 27% нь тусгай нэгж, хэлтэстэй бол бусад нь өөр хэлтсийн ажилтнаар давхар хариуцуулдаг нь тогтоогдсон.
Мөн орон нутгийн харилцаатай холбоотой баримт бичиг, дүрэм журмын талаарх судалгаанд оролцогчдын 80% нь хамтын ажиллагааны гэрээнд тулгуурлан ажилладаг бол ердөө 10% нь БОНЗ-ын бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн юм. Энэ нь бодлогын баримт бичгийн олон төрөл дутагдаж буйн илрэл билээ.
Тиймээс уг судалгаанд тулгуурлан мэргэжлийн чадамжийг бэхжүүлэхийн тулд 2025 оны 5-8 дугаар сарын хооронд “Орон нутгийн харилцаа, нийгмийн гүйцэтгэлийн үндэс” сэдэвт суурь сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүнд 23 компани, 6 ТББ, бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл хамрагдсан. Уг сургалтын агуулгад мэдлэгийн сан, оролцоо ба харилцаа, нийгмийн эрсдэл, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, гомдол маргаан шийдвэрлэх, нийгмийн хөрөнгө оруулалт ба хөгжил гэх 6 модуль багтсан.
Энэ бүхнээс үзвэл уул уурхай ба орон нутгийн харилцаанд ойлголцол, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь зөвхөн нэг компанийн асуудал биш, харин бүхэл бүтэн салбарын ирээдүй, тогтвортой хөгжлийн үндэс юм. Нийгмийн хариуцлагын тогтолцоо, мэргэжлийн чадамжийг хөгжүүлж, олон талын түншлэлийг өргөжүүлснээр Монголын уул уурхайн салбар олон улсын сайн туршлагатай нийцэж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжтой.