Б.Төгс
Салбарын сайд Г.Дамдинням Засгийн газрын баталсан 55 дугаар тогтоолын үр дүнтэй холбоотой мэдээлэл хийлээ. Уг тогтоолоор экспортын эрдэс түүхий эдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа жишиг үнийн аргачлалаар бус биржийн үнийг баримтлахаар болсон. Уг зохицуулалт нь төсвийн орлогыг мэдэгдэхүйц бууруулах үр дагавартай гэсэн байр суурийг УИХ-ын зарим гишүүд баримталж буй юм. Салбарын сайд Засгийн газар экспортыг нэмэгдүүлэх чиглэлд идэвхийлэн ажиллаж буйг тэмдэглээд уурхайн амны гэрээгээр экспортлох нүүрс нийт экспортын 80 орчим хувь байсныг 50%, биржээр арилжаалагдсан нүүрсний экспортыг 50% байхаар шийдвэрлэж ажилласан. Үүний үр дүнд биржээр арилжаалагдсан нүүрсний экспорт шат дараатайгаар нэмэгдэх болсон байна. Биржээр арилжаалагдсан нүүрсний экспортод ногдох АМНАТөлбөрийн орлого улсын төсөвт шууд орж ирдгээрээ ихээхэн давуу талтайг сайд тайлбарлалаа.
Түүнчлэн Засгийн газрын 55 дугаар тогтоолын (2025.08.20-нд батлагдсан) зохицуулалтаар төсөвт алдагдал бус нэмэлт орлого авчирч буйг салбарын сайд онцоллоо. Нөгөөтэйгүүр, энэхүү тогтоол нь хууль зөрчөөгүй бөгөөд үүнтэй ижил агуулгатай шийдвэрийг өмнө нь Монгол Улсын Засгийн газар есөн удаа гаргаж байсныг сайд тэмдэглэлээ.
Он гарсаар наймдугаар сарын 19-ний өдрийг хүртэл биржийн арилжаа 7.5 сая тонн буюу нийт экспортын 15.4%-ийг бүрдүүлж, хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийж, 97.8 тэрбум төгрөгийн нэмэлт орлого (буюу дуудлага худалдааны ханшийн өсөлтөөр) олсон байна. Харин тогтоолын шийдвэр гарснаас хойш буюу дөч хоногийн дотор биржийн арилжаагаар 5.1 сая тонн бүтээгдэхүүн борлуулсан нь нийт экспортын 20 орчим хувьд хүрч дээшилжээ. Ингэснээр 2.3 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 80.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олжээ. Энэ нь оны төгсгөл гэхэд төсөвт 130 тэрбум төгрөгийн нэмэлт орлого оруулах төлөвлөгөөний 60%-ийг аль хэдийнэ биелүүлээд байгаа гэсэн үг. Биржийн арилжааны дуудлага худалдааны нэмэлт орлогын хэмжээ он дуусахад 200 тэрбум төгрөгт хүрэх магадлалтайг сайд дуулгалаа.
Нүүрсний уурхайн амны нөхцөлтэй үнээс биржийн арилжааны ханш тогтмол 10%-20%-иар дээгүүр байгаа юм. Одоогийн байдлаар манай улсад нүүрсний 177, төмрийн хүдрийн 58, хайлуур жоншны 171 компани үйл ажиллагаа явуулж байна. Шинэ зохицуулалт нь эдгээр 406 компанид хамаарах бөгөөд салбарын тогтвортой ажиллагаанд чухал нөлөөтэйг сайд онцоллоо.